British Airways-ийн онгоц улс, хот андууран нисчээ

2019-03-26

 

Их Британийн агаарын зорчигч тээврийн British Airways компанийн онгоц Лондоноос Германы Дюссельдорф руу нисэх ёстой атал чигээ андуурч Шотландын Эдинбургт буужээ.

Зорчигчид Дюссельдорфод ирлээ хэмээн буухаар завдах үед “Эдинбургт тавтай морил” гэжээ. Эхэндээ зорчигчид үүнийг наргиа гэж бодоод инээлдсэн гэнэ. Гэтэл онгоцны нисгэгчид буруу чиглэл зааж өгснөөр ийм явдал тохиолдсон байжээ.

“Яагаад ийм явдал болсныг онгоцны нисгэгч өөрөө ч ойлгохгүй байна лээ. Өмнө нь ийм андуурал огт гарч байгаагүй гэсэн. Одоо тэд яах ёстойгоо бодоод төлөвлөөд байх шиг” хэмээн онгоцны зорчигч эмэгтэй Софи тухайн үед олон нийтийн сүлжээнд бичжээ.

Эдинбургт онгоц хоёр цаг хагас зогсож, зорчигчид онгоцноос бууж болохгүй, 00-ий өрөө хаалттай мөн их бүгчим хэцүү байсан гэнэ. Үүний дараагаар Эдинбургээс Дюссельдорф руу онгоц хөөрсөн байна.

“Яагаад онгоц хөөрөхийн өмнө протокол ёсоор Эдинбург хотын цаг агаарын талаар зарлаагүй юм бэ? Хэрвээ тэгсэн бол ингэж андуурч өөр тийш нисч, чирэгдэл удахгүй байсан шүү дээ” хэмээн мэргэжилтнүүд сануулжээ.

British Airways-ийн удирдлага зорчигч бүрээс уучлалт гуйгаад дараа нь бүгдтэй нь тусгайла харилцана гэж амласан байна.

News1.mn Р.Гэгээ