Хятад улс “Эирбас”-ын 300 онгоц авах гэрээ байгуулав. “Бойнг” компани дампуурах уу

2019-03-26

Францад айлчилж байгаа Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин тус улсын “Эирбас” компаниас 35 тэрбум доллараар дунд оврын 290, том оврын 10, нийт 300 нисэх онгоц авах гэрээ байгууллаа. Саяхан Этиопод онгоц нь сүйрч 35 орны 157 хүний аминд хүрсэн ослоос болж олон улсад нэр хүнд нь унаад байсан Америкийн нисэх онгоц үйлдвэрлэлийн “Бойнг” компанид уг гэрээ нь эдийн засгийн хүнд цохилт боллоо гэж шинжээчид үзэж байна.

Францын онгоц үйлдвэрлэлийн “Эирбас” компани нь дэлхийн зах зээлд “Бойнг” компанийн гол өрсөлдөгч бөгөөд сүүлийн хэсэг хугацаанд тэргүүлэх үүргээ америкуудад алдаад байснаа ийнхүү буцаан авч буй үйл явдал хэмээн үзэж болох юм. Олон улсын нэртэй эдийн засагчид, “Бойнг” онгоцыг нисэхийг маш олон улсад, өөрийнх нь АНУ-д хүртэл тодорхойгүй хугацаагаар хориглоод байгааг онцлоод, Хятад улсын энэ алхам нь тус компанийг дампуурахад хүргэж болзошгүй гэж сэрэмжлүүллээ.

Дашрамд дурдахад, Хятадын Air China, China Eastern Airlines, China Southern Airlines компаниуд цоо шинэ “Boeing 737 MAX 8” загварын 90 нисэх онгоцоо  гуравдугаар сарын 11-нээс эхлэн нисгэхгүй гэдгээ албан ёсоор зарласан. Манай улс ч гэсэн түрээсийн ганц “Бойнг”-оо агаарын тээвэрт гаргалгүй бусад улсын авиа компаниуд хэрхэхийг харзнан хүлээж байгаа.

Эх сурвалж: Aguulga.mn