Бичиг баримт дахь “Астана”-г “Нур-Султан” болгохгүй байхыг зөвшөөрлөө

2019-03-25

Казахстанд Н.Назарбаевийн огцорсны дараа тус улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суусан К.Ж.Токаев гуравдугаар сарын 23-нд Үндсэн хуулиа зөрчсөн шийдэл гаргаж Астана хотын нэрийг өөрчилж Назарбаевийн нэрээр “Нур-Султан” болгоно гэж зарласан.

Үүнийгээ Казахстаны Парламентаар батлуулж чадсан хэдий ч Үндсэн хуульд зааснаар улсын хэмжээнд бүх нийтийн санал асуулга явуулж байж нийслэл хотын нэрийг өөрчлөх эрх нээгдэх ёстой байжээ. Үндсэн хуулийн товхимол дээр гараа тавьж тангараг өргөсөн К.Ж.Токаев нийслэлийн нэр өөрчлөхөөр шийдсэнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тухайн өдрүүдэд Алма-Ата, Астана хотод болсон. Казахстаны Хууль зүйн яамныхан үүссэн нөхцөл байдалд уян хатан хандаж “Өмнөх нийслэл Астана хотын нэр бичигдсэн бичиг баримтыг үргэлжлүүлэн хүчинтэйд тооцно.

Үл хөдлөх хөрөнгө, төрсөн болон гэр бүлийн гэрчилгээ гэх мэт албан бичиг баримт дээр байгаа Астанаг заавал Нур-Султан болгохыг шаардахгүй” гэж мэдэгдлээ. Жишээлбэл, гуравдугаар сарын 22-нд тус улсын нийслэлд төрсөн хүүхдийн гэрчилгээн дээрх “Төрсөн газар: Астана хот” гэснийг “Төрсөн газар: Нур-Султан” гэж өөрчилж бич хэмээн тулгахгүй ажээ.

Эх сурвалж: Aguulga.mn