Жигшүүрт хэрэг үйлдсэн К-поп одод зохих ялыг нь оноохыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шаардав

2019-03-22

БНСУ буюу бидний нэрлэж заншснаар Өмнөд Солонгост хөгжмийн к-поп урсгалын дуучид болон хөгжмийн ертөнцийнхний холбогдсон жигшүүрт хэргийн талаархи мэдээллүүд урссаар байна.

Өмнөд Солонгос бол дэлхий даяар яригдаж буй энэхүү шуугиант үйл явдлын талаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин хүртэл ам нээж, манайх дээр авч яривал “Шударга бусын хонгил”-ын схемийг нарийвчлан гаргаж тавихыг шаардаад, албан тушаалтнууд болон оддын өмнөх гавьяа зүтгэлийг үл хэрэгсэн зохих шийтгэл ногдуулахыг шаардсан байна.

Бүх хэрэг явдал хоёрдугаар сарын сүүлчээр Сөүлийн хамгийн алдартай цэнгээний газруудын нэгд тооцогддог Burning Sun-д болсон хэрэг явдлаас эхэлжээ. Тус газар VIP өрөөнд нэгэн үйлчлүүлэгчийг хамгаалагчийн хамтаар нийлж хэрцгийгээр зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр таржээ. Тус бичлэг дээрх хохирогч болсон явдлын талаар олон нийтийн сүлжээнд дурьдаад, ер нь Burning Sun-д байнга аймшигтай хэрэг явдлууд гардаг талаар дурьдсан байна.

Тухайлбал, тусгай зочдод бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх, үйлчлүүлэх мөн хар тамхи татуулах зэрэг явдал байнга гардаг ажээ. Энэ мэдээлэл олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн тул Цагдаагийн газраас мөрдөн шалгахаар болжээ.

Гэтэл мөрдөн шалгах явцад Солонгосын к-поп хөгжмийн урсгалын од, Bing Bang хамтлагийн дуучин 29 настай Ли Сён Хен буюу Сэнри гэгчийн хэргүүд илэрч эхэлжээ. Тэрбээр Burning Sun клубын PR хариуцсан захирлын албан тушаал хашдаг байж.

Эхэндээ Сэнри өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн мэдэгдэж сүржин сүржин мэдэгдэл хийсэн ч дараа нь түүний бусадтай харилцсан зурвасууд бас бус баримтууд дэлгэгдэж эхэлснээр хэргээ хүлээсэн байна. Сэнри нь гадаадын баян, нэр хүндтэй тусгай зочдод охид хүүхнүүдийн биеийг үнэлүүлэх, үйчлүүлэх ажлыг удирддаг байсныг зэрэгцээ мөн хар тамхиар хангадаг байсан нь тогтоогджээ.

Ингээд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн хамгийн том гурван агентлагийн нэгд тооцогддог YG Entertainment Сэнритэй гэрээгээ цуцалж, дуучин ч өөрөө дахин тайзнаа гарахгүй гэдгээ зарлаж, хамтлагаасаа гарснаа мэдэгдсэн. Гэхдээ Сэнри ийнхүү хамтлагаасаа гарсан явдал нь бусдынхаа нэрийг цэвэр авч үлдэх тулгалт шахалт ирснээс болсон алхам гэж хэвлэлүүд дүгнэжээ.

Сэнри үүнээс гадна бэлгийн харьцаанд орсон охид бүсгүйчүүдийнхээ чармай нүцгэн зураг бичлэгийг найз нартаа илгээн гайхуулахын зэрэгцээ “Намайг цагдаагийн ерөнхий комиссар хамгаалдаг тул айх юм огт үгүй” гэж сайрхсан зурвас нь илэрчээ. Ингээд тэрхүү “цагдаагийн ерөнхий комиссар”-ыг хайх ажиллагаа эхэлж, хэд хоногийн дараагаар Цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтан Юн гэгчийг сэжиглэн, баривчилжээ. Юн нь хар тамхи, хүчин, садар самууны үүр болсон шөнийн цэнгээний газруудын байрладаг дүүргийг хэдэн жилийн турш хариуцан ажилласныг хэвлэлийнхэн тун хялбархан олж мэдээд, дэлгэн тавьжээ. Мөн Юнтэй хамтран ажиллаж байсан олон тооны цагдааг тус хэрэгт холбогдуулан шалгаж буй юм байна.

Сэнригийн хэрэг ийнхүү дуулианы үндсийг тавьчихаад байтал мөн к-поп урсгалын од 30 настай Жон Жун Ён гэгч нь хэвлэлээр гутамшиг болж эхлэв. Тэрбээр Сэнригийн адил хөгжмийн ертөнцийн бусад нэртэй дуучид руу бэлгийн харьцаанд орсон охид бүсгүйчүүдийнхээ бичлэг зургуудыг харилцан илгээж байсныг илрүүлжээ. Нийтдээ хөгжмийн ертөнцийн найман хүний нэгдсэн чатад бүсгүйчүүдийн бичлэг зургийг бие бие рүүгээ илгээн тавлаж ярилцсан нь тогтоогдсон байна. Жон эхний мэдүүлэг авах үеэр л хэргээ хүлээжээ. Ингэснээр түүнтэй хамтран ажилладаг байгууллагууд гэрээгээ цуцалсан байна.

Жоны “Сексийн гавьяа”-гаа гайхуулан ярилцсан чатны бусад этгээдүүдийг ч байцаан шалгаж буй гэнэ. Жоны тус хэрэгт к-поп урсгалын эмэгтэй хамтлагийн дуучдын ч нэр дурьдагдаж, олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлж байгаа аж.

Ийнхүү Солонгос даяар томоохон шуугиан дэгдэж, намжих төлөвгүй байна. Тиймээс ч дээр дурьдсанчлан улсынх нь Ерөнхийлөгч Мү Жэ Ин хүртэл хэрэг явдалд хошуу дүрэхээс аргагүйд хүрчээ. “Цагдаа хүчний байгууллагынхан албаныхаа нэр хүндийг өргөж, чин шударгаар ажиллаж, гэмт этгээдүүдэд зохих шийтгэлийг ногдуулах ёстой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Яг л савангийн дуурь шигээ юм бишүү. Хар тамхи, хүчирхийлэл, хүчин, их мөнгө, авлига. Үнэндээ жирийн амьдрал нь бараг савангийн дууриас аймшигтай юм” хэмээн Солонгосын хэвлэлүүд цохон дурьдах болжээ.

news1.mn Р.Гэгээ