Роналду хет-трик хийлээ, Ювентус шөвгийн наймд шалгарч Атлетико М хасагдав

2019-03-13

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Аваргуудын лигийн хасагдах шатны шилдэг найман багийг шалгаруулах 5, 6 дахь хариу тоглолт манайхаар урьд шөнө боллоо.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний таван удаагийн өргөмжлөлийн эзэн Роналдуг Италийн Ювентус клуб өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Реал Мадридаас 112 сая еврогоор худалдаж авсан. Тэрээр “хэн бэ” гэдгээ батлан харуулж Атлетико М-ын хаалганд хет-трик хийж багаа шөвгийн наймд шалгаруулав. Роналду тоглолтын 27, 49 минутад Бернардески, Канселу нарын дамжуулалтаар, 86 минутад торгуулийн “11”-ийн цохилтоор гоолдов. Эхний тоглолтод Ювентус айлын талбайд зочлон Атлетико Мадридад 0:2-оор хожигдсон бөгөөд бооцоо тавигчид шөвгийн наймд Испанийн багийг шалгарна гэж төлөглөж байсан.

Бүх таамгийг гайхалтай тоглолтоороо эвдсэн Роналду нь  ийнхүү Аваргуудын лигт найм дахь удаа хет-трик хийснээр өөр нэг хөлбөмбөгийн од Мессигийн  тогтоосон дээд амжилтыг давтав. Эхний тоглолтод Германы Шальке багийн талбайд зочлон өрсөлдөгчөө 3:2-өөр хожсон Английн Манчестер Сити энэ удаа хариу тоглолтод өөрийн цэнгэлдэхдээ учраагаа 7:0-ээр бут ниргэв. Гоолыг Агуэро 35 мин/пеналти/, 49 мин, Зане 42 мин, Стерлинг 56 мин, Бернарду 71 мин, Фоден 78 мин, Жезус 84 минутад орууллаа.

 

Аваргуудын лигийн 1/8-д шалгарахын төлөөх хариу 7, 8 дахь тоглолт:  Германы БАВАРИ М – Английн ЛИВЕРПҮҮЛ, Испанийн БАРСЕЛОНА – Францын ЛИОН өнөө шөнө болно. Баасан гарагт нийт шалгарсан найман багийн 1/4 шатны сугалааг Швейцарын Ньон хотноо УЕФА-гийн төв байранд татна. Нэг улсын багууд хоорондоо оноолт таарч болдог дүрэм үйлчилнэ.

Эх сурвалж: Aguulga.mn