Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг

2019-03-08

 

 

 

 

ПААМПАРСНЫ АЗТАЙ ХҮҮХДҮҮД

 

Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байна. Би энэ баярын үеэр толгой руугаа том цагаан шанагаар учир зүггүй балбадаг уламжлалтай. Хүмүүс гайхаад над руу анхаарлаа хандуулахаар нь,
—Социализмын үед биднийг хорвоод мэндэлж байхад паампарс байсангүй, даанч хяслантай. Тэр үеийн Монгол Улсад амаржсан эх хүн хүүхдээ өлгийтэй байх үед нь үүр шөнөөр босч нийтдээ дунджаар мянган удаа хуурайлдаг байсан тухай НҮБ-аас судалгаа гаргажээ. Эхийнхээ нойроо хугаслан босч хуурайлсны ганцынх нь ч болов ачийг, энэ яваа насандаа хэн ч хариулж чаддаггүй гэж Завханы Галуутайн хүрээний Нанжаа ламтан хэлж байсан юм гэж цахиртуулна. Намайг гайхан харж байсан хүмүүс дөлж зугтах байтугай хүрч ирэн янзаган хүрээ үүсгэн тойрч суугаад “Аяа ямар үнэн үг хэлнэ вэ, социализмын үеийн бид хэзээ ч эхийнхээ ачийг хариулж чадахгүй хүмүүс ажээ. Эдүгээ цагийн паампарсны хүүхдүүд ямар азтай юм бэ” хэмээн бүгд хоороор дуу алдан хоолой зангируулна. Тэгэхдээ тэд намайг дуурайж толгой уруугаа том шанагаар дэлсэхгүй л дээ. Харин асар удалгүй бүгд хоороор, ээжийгээ яаж баярлуулсан тухай ам уралдан хөөрч, сэтгэл хангалуун элбэг дэлбэг ярианд умбана. Би ч нэг мэдэхнээ тэдэнтэй өрсөлдөн, шанагаа газар тавьчихаад, миний бага залууд хорвоог орхисон хайрт ээжийгээ хэрхэн баярлуулсан тухайгаа ярьж эхэлдэг билээ.

 

 

 

ШҮҮДРИЙН ДУСЛААР ЧАНАСАН ЦАЙ

 

1980 оны дундуур Бавуугийн Лхагвасүрэн гуайн анхны, “Уянгын тойрог” гэдэг яруу найргийн бэсрэгхэн ном гарсан юм. Энэ номонд гарсан шүлгүүдийг бараг л бичиг үсэг тайлагдсан хүн бүр тогтоож, хөдөө хотгүй цээжээр унших боллоо. Дараахнаас нь, уншигчдын танил болсон яруу найрагч, зохиолчид дээр нэмэгдээд 35-аас доош насны Монголын бүх иргэн шүлэг бичиж эхэллээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайг даган дуурайж шүлэглэгчдийн бүхэл бүтэн үе төрлөө. Кино жүжигчин Чарльз Чаплинг даган дуурайгчдын тэмцээн зохиоход Чаплин өөрөө долдугаар байрт орсон тухай онигоо байдаг юм, арай л тийм зүйл болсонгүй. Яруу найргийн допинг гэж байдаг бол монголчууд бултаараа хэрэглэчихэв үү гэмээр олширсон төрмөл найрагчид бие биенээсээ ялгарахын тулд бүх сэдвийг барьж авлаа. Хорвоо дээр юу байна бүгдийг, хорвоо дээр байхгүй юмны тухай хүртэл шүлэглэв. Аав ээж, Ану хатан, ангийнхаа охин, идэж буй элсэн чихэр, Эзэн богд Чингис хаан гээд цааш хөвөрнө. Эртний уран зохиол Молом тойны намтарт, шүүдрийн дуслаар ээждээ цай цанаж өгвөл мянган удаа босч хуурайлсны ганцынх нь ачийг хариулна гэж айлдсан байдаг. Тэгэхээр эхийн ачийг 100 байтугай нэг хувь ч хариулж үл чадах агаад үсрээд 0,1 хувь болж байгаа биз. Нөгөө олон найрагч маань энэ 0,1 хувийг яаж үлдээхэв, шүүдрийн дуслаар цай чанаж эхийн ачийг хариулж болох талаар олон арван бүтээл туурвилаа. Маш баярлууштай нь гэвэл, эдгээр нь хүмүүст санаа оноо өгч, бодит амьдралд хэрэгжих үүд хаалга нээв. Ингээд тал, хээр, говь, гурван нутагт минь дүүрэн байгаа шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгөхөөр олон олон хүн хөдөллөө. Би ч, шүүдэр цуглуулахад хамгийн тохиромжтой том цагаан шанага хэдийг худалдан авч, ивээн тэтгэгчийн журмаар найзууддаа бэлэглэв. Миний, толгой руугаа нүддэг шанага чинь тэдний ижил байхгүй юу. Ээждээ шүүдрийн дуслаар цай чанаж өгсөн найзууд маань хожим хойно, хэмжээ нь хэдэн аяга болсон талаар наанатай цаанатай, янз янз л хэлдэг юм. Харин Монгол Улсын ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ шүүдэр цуглуулахад том шанаганы талаас ахидаггүй гэж ярьж байсан, үнэний хувьтай болов уу. Алдарт дуучны маань төрсөн нутаг нь Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур, Торой банди, Жаахан шарга дуурссан Сүхбаатар аймаг. Ёстой шүүдрийн дусал шанага шанагаар байвал байхаар өвс ногоотой газар дэлхий билээ. Тэрээр,

—Их романтик, залуухан байж дээ. Ээжийнхээ ганцхан шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулдаг юм гэнэ лээ гэж сонсоод шүүдрийн дуслаар цай чанаж өгөх юмсан гэж боддог байлаа. Тэр зун манайх Дов ухаа гэдэг газар зуссан. Нэг өдөр шүүдэр цохиж үзье гэж бодоод үүрээр шанаганы толгой бариад гарлаа. Тэгэхэд их туршлагагүй явдал болсон байна лээ, уг нь том брезент бариад явдаг байж гэж одоо боддог. Нар унины дундуур татаж байх үед буцаж ирсэн. Нэг их арвитай юм цуглуулаагүй ээ, буцалгаад амсуулах төдий л жаахан цай болсон. Гэтэл ээж маш их баярлаж, бүхий л өндийж хөхүүлсэн ачийг хариуллаа гэж бодоорой гэж хэлсэн. Харин би санаандаа хүртэл шүүдэр цуглуулж чадаагүй болохоор сэтгэл жаахан дундуур үлдсэн. Тиймээс хожмоо ээждээ зориулж “Тэнгэр ээж минь өршөө” гэдэг дууны шүлэг (Шүүдрийн мянган дуслын оронд сувдын мянган дуу хэлхье Аагтай шаргал цайны оронд амилуулж дуулсан дуугаа өргөе) бичсэн юм. Ээж минь, ажлаа сайн хийгээд өөрөө л сайн явж байвал ээж аавынхаа ачийг хариулсан гэж бодоорой гэж захидаг байлаа. Одоогийн залууст ээжийнхээ энэ үгийг хэлэх байна. Ер нь ээжийнхээ ачийг хариулах гээд над шиг шүүдэр түүгээд ч яах вэ хэмээн нэгэнтээ өгүүлсэн.

 

 

 

ЭРДЭНИЙН САН СУБАШИДЫН ҮЛГЭР МЭТ ТАЙЛБАР

 

Хэдэн жилийн өмнө Мартын наймнаар байх төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн найрагч телевизээр гарч байв. Магадгүй өөр баяраар бил үү, сайн санахгүй байна. Сэтгүүлч олон асуулт тавьж хариулт авлаа. Эхийн ачийг хариулах тухай, шүүдрээр цай чанаж өгөх тухай сэдвийг ч тойрсонгүй. Нэвтрүүлгийн хөтлөгч төгсгөлд нь түүнд хандан, та ийм ийм алдар гавьяатай гээд цол гуншинг нь баахан дуудлаа. Тэгснээ ээжийгээ мөн ч олонтоо баярлуулсан байж таараа гэх маягийн асуулт тавилаа. Бавуугийн Лхагвасүрэн гуай,

—Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг болохоос гэж өгүүллээ. Нэвтрүүлэг тэгсгээд өндөрлөө биз. Би өөрийнхөө хамгийн дотнын нөхөр, ухаан нь гүйцэгдэхгүй учраас биширч явдаг Доторхүнтэй (нэр нь ийм юм) уулзахаар чавхадлаа.Түүнээс,

—Бид чинь, аравдугаар ангиа онц төгсөөд ээжээ баярлуулж явлаа, их сургууль төгсөөд ажилд орж анхны цалингаа аваачиж өгч баярлуулсан… Арай л байгуулсан компаниа Дүүргийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгаруулж ээжийгээ баярлуулсан гэж тоолох нь шахуу явдаг хүмүүс. Гэтэл Бавуугийн Лхагвасүрэн гуай юу хэлчихэв ээ гэж асуулаа. Доторхүн,

—VIII Богд их сонин хүн байжээ. Хутагт хувилгаад, ноён ихэс дээдэс юм асуухаар, би танд нэг үлгэр хэлж өгье гээд Эрдэнийн сан Субашидын шүлгийн тайлбараас ярьж өгдөг байж. Хариулт нь тэр, гүйцээ. Түүн лүгээ адил би чамд тайлбарлахыг оролдъё гээд,

—Нас чацуу балчир гурван хүүгээ дагуулсан гурван эмэгтэй Хүнгий голоос ус авахаар ирээд эрэг дээр нь түр амран сууцгаажээ. Хүүхдүүд нь сахилгагүйтээд ээжүүдээ хоёр үг солиулдаггүй гэнэ. Тэгэхээр нь ээжүүд өөрсдөдөө ярих чөлөө гаргахын тулд гурван хүүгээ нилээд холоос уралдуулахаар явуулсан байна. Тэд нэг элсэн бөөрөгний наана оччихсон “ээжээ, эндээс болох уу” гээд гурвуулаа хашгираад байжээ. Ээжүүд нь “болноо, болно” гэж хэлжээ. Хүүхдүүд эндээс буцаж уралдах юм уу хэмээн асуухдаа өөр өөрийнхөө ээжийг дуудсан хэрэг. Тэр гурван эмэгтэй үг солихоо ч умартан уралдаад ирж яваа үрсээ хүлээгээд зогсож байжээ. Хүүхдүүд нь урд хойноо ороод, унаж босоод гүйгээд ирцгээж. Нэгд ирсэн хүүхдийн ижий, миний хүү түрүүллээ гэж БАЯРЛАЖ үнсчээ. Хоёрт ирснийх нь ижий, хүүгээ аман хүзүүнд уралдлаа гэж БАЯРЛАЖ үнсчээ. Гуравт ирснийх нь ижий, миний хүү таварцаглаж унасан ч бусад хүүхдийн адил гүйгээд ирлээ гэж БАЯРЛАЖ үнсчээ гэснээ нэмж,

—Тэгэхээр Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн “Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг” гэдэг чинь гашуун ч гэсэн үнэн юм даа гэлээ.

*                       *                       *

Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байна. Би энэ баярын үеэр толгой руугаа том цагаан шанагаар учир зүггүй балбадаг уламжлалтай. Өчигдөр шанагаа үзсэн чинь толгой нь ишнээсээ салаад уначихаж. Шанагаа хадуулах гэснээ болиод Бурхны газар, тэнгэрийн оронд залрахаар одсон хийгээд Дэлхий дайдад хүний хайлан болж яваа бүх ижийд зориулан энэхүү нийтлэлийг тэрлэлээ. СОЁРХОН УНШИНА УУ.

Эх сурвалж: Aguulga.mn