Зохиолч Б.Цэнддоо, Э.Хархүү нар тогтоол усны хөвөөнөө

2019-02-26

“Энэ хэн бэ, хэдэн он бэ. Ямар гээч нуур далай вэ?” хэмээн энэхүү фотог авсан сэтгүүлч, зохиолч Б.Цогзаяабаатараас асуулаа. Тэрбээр,

-1984 оны хавар, Өмнөговь аймгийн төвийн баян бүрд – тогтоол усны хөвөөн дээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Хархүү /МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын аав/ одоогийн Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Дөрвөн цагийн дурсамж” шүлгийг сонирхон уншиж байгаа нь энэ. Намайг Өмнөговь аймгийн “Говийн мэдээ” сонинд сурвалжлагч, Хархүү ахыг аймгийн төвийн дунд сургуульд багш байхад Улаанбаатар хотоос Б.Цэнддоо Даланзадгад хотод ирсэн юм. Бид гурав бичсэн шүлгээ харилцан бие биендээ уншиж, уран бүтээлийн “тайлан”-гаа тавьж байсан дурсгалт мөч юм. Б.Цэнддоогийн оюутан цагийн нөхдөдөө зориулсан “Дөрвөн цагийн дурсамж” шүлэг нь ийм:

— Дөнгөж ганцхан ширээний цаана суугаа чам дээр

— Дөрвөн жил гүйгээд гүйгээд хүрсэнгүй

— Амсхийх буудалгүй цагийн алхааг улаалсан ч

— Амьдын улаан нарыг хоёр хоёрын дөрөв тойрохдоо гүйцсэнгүй.

Байгаа нь байхгүйгээ нэхэж амьдрал эргэнэ

Байсан нь байхгүйгээ нөхөж амьдрал эргэнэ

Ирж яваа шинэ өглөөг хөөсөөр наран жаргана

Ирэх хаврын нялх нахианд хувилан цэцэг гандана.

Түг түмэн өдрүүд сүрэглэн чи биднийг гишгэчээд

Төрхгүй багын минь араншинг авч одно.

Орчлон мөнх гэж итгэсэндээ л

Оргүй хоосноос зайгаа нөхнө.

Гарцаагүй энэ битүү тойрогт чи миний урд атлаа ард орж

Гайхахын эрхгүй хойноос элдэнэ.

Хүлээхийн хувийг заяа тавилан зураагүй ч юм уу?

Гүйцэхгүй гүйцэгдэхгүй бие биеэ нэхнэ.

— Дөнгөж ганцхан ширээний цаана суугаа чамайг

— Дөрвөн жил хүлээгээд хүлээгээд ирсэнгүй.

— Амсхийх буудалгүй цагийн алхааг улаалсан ч

— Амьдын улаан нарыг хоёр хоёрын дөрөв тойрохдоо гүйцсэнгүй.

Эх сурвалж: aguulga.mn