“Оскар”-т “Ногоон ном” болон Альфонсо Куарон ноёллоо

2019-02-26

Америкийн Кино Академийн дээд шагнал “Оскар” гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт болж өнгөрлөө. 91 дэх удаагийн тус ёслолын гол шагнал буюу Шилдэг киногоор найруулагч Питер Фарреллигийн бүтээл “Ногоон ном” тодорсон юм.

1962 онд хар арьст жааз хөгжимчин Дон Ширлигийн жолоочоор итали-америкийн эрлийз Чалчаа хочит Тони ажиллан, АНУ-ын өмнөд нутаг дэвсгэрээр хамтдаа аялж буй талаар кинонд өгүүлдэг.

Тэд зам гарахдаа хар арьстнуудад зориулсан аюулгүй аялах маршрутыг зааварчилсан “Ногоон ном”-ыг авч явдаг юм. Энэ аялал хэн хэнийх нь ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, нүдийг нь нээж буй тухай кинонд өгүүлнэ.

Харин Гадаад хэл дээрх Шилдэг киногоор кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан Альфонсо Куароны “Ром” шалгарлаа.  Альфонсо Куарон энэ бүтээлээрээ мөн Шилдэг найруулагчийн “Оскар”-ыг давхар гардсан.

56 настай Альфонсо Куарон энэ кинонд зөвхөн найруулагчийн ажлыг гүйцэтгээд зохиолыг нь өөрөө бичиж, операртор, продюсерийн ажлыг ч хийсэн байна. Өнгөц харахад Ром гэдэг нь Италийн нийслэл мэт санагдавч энэ нь Куароны өөрийнх нь төрж өссөн Мехико хотын нэгэн дүүргийн тухайн үеийн нэр ажээ.

1971 онд Мексикт оюутнуудын бослого тэмцэл өрнөж, цус урсгасан үйл явдлууд болжээ. Тухайн үйл явдлын талаархи дурсамж, бодрол дээрээ үндэслэн Куарон энэ киног бүтээсэн байна.

Шилдэг Эрэгтэй гол дүрийн шагналыг домогт Фредди Меркьюригийн дүрийг Bohemian Rhapsody-д бүтээсэн Рами Малек гардлаа.

Харин Шилдэг Эмэгтэй гол дүрийн шагналыг The Favourite кинонд Англи-Шотландын Хатан Хаан Аннагийн дүрд хувирсан Оливиа Колман хүртсэн юм.

“Ногоон ном”-д Дон Ширлигийн дүрийг амилуулсан Махершал Али болон If Beale Street Could Talk кинонд Шэрон Риверсийн дүрийг бүтээсэн Режина Кинг нар тус бүр Эрэгтэй, Эмэгтэй туслах дүрийн шагнал гардсан.

Харин Шилдэг хүүхэлдэйн киногоор Spider-Man: Into the Spider-Verse тодорлоо.

Энэ удаагийн “Оскар” гардуулах ёслолыг хөтлөгчгүй явуулсныг онцлох хэрэгтэй.

Мөн дуучин Леди Гага A Star Is Born-ий дуугаараа Киноны шилдэг дуу шагнал гардсныг дурьдах нь зөв биз ээ.

news1.mn Р.Гэгээ