Тайландын гүнжээс болж сөрөг хүчний намыг тарааж магадгүй

2019-02-14

Тайландын Хаан Маха Вачиралонгкорны эгч Убол Ратана гүнжээс болж тус улсын сөрөг хүчний Тай Ракса Чаат намыг тарааж магадгүй болжээ.

67 настай гүнж Убол Ратана улсынхаа Ерөнхий сайд болохоор сэтгэл шулуудаж, түүнийг нь Ерөнхий сайд асан, тэрбумтан Таксин Чинаваттай сүлбээтэй Тай Ракса Чаат нам дэмжиж нэр дэвшүүлсэн байна.

Гэвч Тайландын Хааны гэр бүлийнхэн улс төрд ийнхүү гүн хутгалдах нь уламжлалд харш гэж үзжээ. Тайландын Хаан Маха Вачиралонгкорн ч эгчийнхээ энэхүү тэмүүллийг “Байж болшгүй үйлдэл” гэж тодорхойлсон юм. “Хааны гэр бүл улс төрөөс дээгүүр байх ёстой” гэх үзэл хандлага түлхүү байгаа гэнэ.

Гүнж Убол Ратана нь 1972 онд АНУ-ын иргэн Питер Лэдд Женсен гэгчтэй гэрлэхдээ Хааны гэр бүлийн гишүүнээсээ татгалзжээ. Гэлээ ч 26 жил Америкт амьдарсны эцэст нөхрөөсөө салж, эх орондоо буцан ирсэн байна.

Ийнхүү гүнжийн Ерөнхий сайд болох их хүсэл Тай Ракса Чаат намыг тараах үндэслэл болж магадгүй байна. Тус намыг тараах асуудлыг манайхаар бол Үндсэн Хуулийн цэцээр хэлэлцүүлэх юм.

Тайландад гуравдугаар сарын 24-нд парламентийн сонгууль болно.

news1.mn Р.Гэгээ