Л.Хүрэлбаатар: Хэд хэдэн тусгай санг татан буулгах санал оруулна

2019-02-13

ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан асуудал ил болсонтой холбоотойгоор тусгай 29 санд шалгалт оруулсан юм.

Тэгвэл сангуудад хийсэн шалгалт дууссан бөгөөд хэд хэдэн санг татан буулгаж, заримынх нь үйл ажиллагаа бүтцэд өөрчлөлт оруулах санал гаргана гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Мөн тусгай сангуудад ЖДҮ-г хөгжүүлэх чиглэлээр 500-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа ба үүнийг зөв гүйцэд ашиглах саналыг Засгийн газраар хэлэлцүүлнэ гэсэн юм.

Тусгай сангуудад хийсэн шалгалтаар нэлээдгүй зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь ил тод болгох зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ. Одоогоор ямар сангуудыг татан буулгах санал оруулах нь тодорхойгүй байгаа ба Засгийн газар хэлэлцсэний дараа мэдээлэх юм байна. Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан гадаадад томилолттой байгаа учир хойшлуулсан байна.

Сануулбал, УИХ болоод Засгийн газрын 12 гишүүн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан нь ил болсон юм. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ба эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар татаад байна.

Засгийн газрын тусгай сангууд,

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Эрсдэлийн сан
  3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  5. Засгийн газрын нөөц сан
  6. Мал хамгаалах сан
  7. Нийгмийн даатгалын сан
  8. Нийгмийн халамжийн сан
  9. Соёл, урлагийг дэмжих сан
  10. Боловсролын зээлийн сан
  11. Тариаланг дэмжих сан
  12. Улсын авто замын сан
  13. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  14. Хүүхдийн төлөө сан
  15. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  16. Шинжлэх ухаан, технологийн сан
  17. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  18. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  19. Ирээдүйн өв сан
  20. Төсвийн тогтворжуулалтын сан
  21. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  22. Олон улсын хамтын ажиллагааны сан
  23. Монгол судлалыг дэмжих сан
  24. Эрүүл мэндийн даатгалын сан
  25. Засгийн газрын өрийн баталгааны сан
  26. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  27. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
  28. Спортыг дэмжих сан
  29. Эрүүл мэндийг дэмжих сан
  30. Агаарын бохирдлын эсрэг сан

Эх сурвалж: udriintoim.mn