“Эрдэнэс Тавантолгой” ба эрдэмтдийн түншлэл

2019-02-13

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны 7-р сард 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон. Үүний 20 саяыг нь сүүлийн хоёрхон жилд олборлож чадсан байдаг. Тиймээс удахгүй олон улсын зах зээлд IPO гаргаж, иргэддээ 1072 хувьцааных нь ноогдол ашгийг тарааж эхэлнэ гэж Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.

2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан өчигдөр /2019.1.12./ эрдэмтэдтэй хамтарсан “Эрдэнэс Тавантолгой, инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани инновацийн бүтээл, эрдэмтдийн санал бодлыг сонсох тус зөвлөгөөнийг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад ШУА болон их, дээд сургуулийн доктор, профессорууд нүүрснээс шатдаг хий, метан гаргах, мөн нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гаргах технологи, кокс, химийн үйлдвэр барих, өмнийн говийн ус хангамжийн асуудал, шийдвэрлэх арга зам, уурхайн нөхөн сэргээлт, элсний нүүдэл, ногоон говьд тарих мод сөөгний төрөл зэрэг сэдвүүдээр 11 илтгэл сонсч, харилцан ярилцлаа.

 

МОНГОЛЫН ЭРДЭМТДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ”, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой, инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний  үеэр түүхэн гэж хэлж болохоор нэгэн үйл явдал болсон нь Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Гадаад, дотоодын 800 гаруй доктор гишүүнтэй Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлд Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС зэрэг их, дээд сургуулийн академич, багш, судлаачид харьяалагддаг байна.

Тус зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг “Эрдэмтэд “Эрдэнэс Тавантолгой” компанитай ийнхүү хамтран ажиллах болсон нь шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны анхны бодит алхам боллоо” гэв.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: ЭРДЭМТЭДТЭЙГЭЭ ХАМТРААД ТАВАНТОЛГОЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭВШИЛТЭТ  ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, ТЭДНИЙ БҮТЭЭЛИЙГ НУТАГШУУЛНА

Зөвлөгөөний үеэр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:  “Ер нь инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани эрдэмтэн, судлаач нартайгаа хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, тэдний санаа, бүтээлийг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ ажил бодитоор хэрэгжиж байгаагийн тод жишээ нь өнөөдрийн байгуулсан хамтран ажиллах санамж бичиг юм” гэж онцлов.

 

ЭРДЭМТЭД ИНГЭЖ ЯРИВ

Шинжлэх ухааны академийн академич Б.Авид нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гаргах талаар сонирхолтой илтгэл тавьсан. Түүхий нүүрснээс байгалийн хий гаргаж авснаар утааны асуудлаа шийдэх боломжтой. Гэхдээ юуны өмнө хийн аж үйлдвэр хөгжөөгүй байгаа учраас химийн суурь аж үйлдвэрээ хөгжүүлж эрчим хүч, дулаанаа үйлдвэрлэх боломжтойг тэрээр тайлбарлав. Түүнчлэн бидний олон жил ярьж буй нүүрсийг коксжуулах, хийжүүлэх технологийн талаар туршлага хуваалцсан юм.

Түүнчлэн  академич С.Батмөнх  “Эрдэнэс-Тавантолгой” компанийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан. Цаашид “Эрдэнэс-Тавантолгой” компани түүхий нүүрсийг боловсруулах бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүч, усны хангамж чухлаар тавигдах болно. Говийн нутаг дэвсгэр цахилгаан эрчим хүчний хангамж дутагдалтай газар. Тийм учраас нүүрснээс хий гаргах зэрэг бусад төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дагалдах эрчим хүчийг ашиглаж болно. Тухайлбал, хийн цахилгаан станц баригдах асуудлыг ярьж байгаа талаар мэдээлэл өглөө.

Говь нутагт усны асуудал хамгийн чухал. Тэгвэл сүүлийн 14 жил өмнийн говийн ус хангамжийн асуудлыг шийдэх боломжтой “Хэрлэн говь”, “Орхон говь” төслүүдийг ярьж, хөөцөлдөж байгаа “Усны үндэсний төв” ТББ-ын дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг энэхүү зөвлөгөөнд илтгэл тавьсан. Тэрээр дээрх хоёр төслийг танилцуулаад нийтдээ 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлсэн. Гэхдээ эхний ээлжинд төслийн судалгааг яаралтай эхлүүлж, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийхэд шаардлагатай байгаа гурван сая ам.долларыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” компаниас хүссэн юм.

Ийн  “Эрдэнэс Тавантолгой” компани инновацийн бүтээл, эрдэмтдийн санал бодлыг сонсох тус зөвлөгөөн хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.