Р.Чойном “Дайсны цэргүүдээ, сонсоцгоо” киноны дууны аяыг зохиосон

2019-02-10

Төрийн шагналт зохиолч Р.Чойномын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.Тэрбээр 83 жилийн тэртээ 1936 оны хоёрдугаар сарын 10-нд Хэнтийн Дархан сумд мэндэлсэн.

 

Тухайн цаг дор “эсэргүү” хэмээн адлагдаж дөрвөн жил хоригдож, таван жилээр нутаг заагдаж явсан билэг танхай найрагчийн намтарт “монгол бичиг, казах хэлээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан” гэсэн тодотгол тайлбар бичсэн байгаа.

 

Шүлэг зохиолыг нь бид бүхнээ мэдэх бөгөөд харин ямар дууны ая зохиосныг нь төдийлөн анзаардаггүй. Р.Чойномын аяыг нь зохиосон дуунуудаас хамгийн ихээр нийтэд түгсэн нь “Дайсны цэргүүдээ, сонсоцгоо” киноны,

 

Ардын жүжигчин Банзарын Дамчаа гуайн дуулдаг дуу юм. Р.Чойном найрагчийн  бичсэн энэ дууны нот нь эх хувиараа Төрийн шагналт Д.Сосорбарам гавьяатад хадгалагдаж байна. /Жич: Р.Чойномын уран бүтээлийг нийтлэх, түгээхийг 1970-аад оны эхээр хориглосон байсан учраас энэ дууны хөгжмийн зохиогчоор найрагчийн нэрийг дурдаагүй өөрчилсөн байна/.

Эх сурвалж:  aguulga.mn Б.Ерэнтэй