Ц.Цогтбаатар Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

2019-02-10
Ц.Цогтбаатар Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны “Их дуулга” ангиллын тэмцээн Францын Парис хотноо өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодров. Эдгээр жинд манайхаас 11 бөх барилдсанаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд ОУХМ Ц.Цогтбаатар тун сайн барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр эхний тойрогт Болгарын Диалло Лукасыг ялж, хоёрдугаар тойрогт Молдавын тамирчныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр, гуравдугаар тойрогт Израйлын тамирчин Тохар Бутбулыг 13 секундэд цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга Лашаг вазари үнэлгээгээр, хагас шигшээ барилдаанд Косовогийн тамирчин Акил Гжаковаг цэвэр ялж, финалд үлдсэн юм.

Алтан медалийн төлөөх барилдаанд манай тамирчин дэлхийн аварга Соичи Хашимотод ялагдсанаар мөнгөн медаль дээр буулаа.

Мөн өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-д МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.

Б.ОД olloo.mn