“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг нэгдүгээр улиралд олгоно

2019-02-01

тавантолгой зурган илэрцүүд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр улиралд багтаан Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох талаар судалж, нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст нь даалгажээ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг жигдэлж, улмаар 720 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Одоо ашгаасаа иргэддээ хүртээх хэрэгтэй. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш харин байгалийн баялгаас иргэн бүрт хувь хүртэх боломж олгон төр үүргээ хэрэгжүүлж байгаа хэрэг” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг ажээ.