“ЕС ЭХЛЭХ”-ийг би зөвхөн Монголдоо үздэг

2019-01-31

Монголчууд эрт дээр үеэс өвлийн улирлын оргил хүйтний цагийг “ес эхлэх өдөр”- арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн есөн ес 81 хоногоор тооцдог уламжлалтай. Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-нд Монгол газар хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр тохиодог.

Есөн есөө гурав гурваар нь багцалж “нялх гурав”, “идэр гурав”, “хөгшин гурав” нэрлэдэг. Тухайн ес бүрт цаг агаарын байдал ямар зохиролтой байхыг ингэж илэрхийлнэ. Үүнд:

 

НЯЛХ ГУРВАН ЕС

XII.22 -XII.30    Нэг есд нэрмэл архи хөлдөнө

XII.31 – I.8        Хоёр есд хорз архи хөлдөнө

I.9 – I.17        Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

 

ИДЭР ГУРВАН ЕС

I.18 – I.26        Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

I.27 – II.4        Таван есд тавьсан будаа хөлдөхгүй

II.5 – II.13        Зургаан есд зурайсан зам гарна

 

ХӨГШИН ГУРВАН ЕС

II.14 – II.22        Долоон есд довын толгой борлоно

II.23 – III.3        Найман есд нал шал болно

III.4 – III.12        Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.

Есөн есийн 81 хоног нь бодит байдал дээр “талд унасан жавар ташуур алдам хүйтэн” байхаас хавар болж цаг агаар дулааран цас ханзрах үеийг хамардаг. Билгийн тооллын өвлийн сүүлч сарын өдрүүд нялх болон идэр гурван есийн дунд үетэй, харин идэр гурван есийн төгсгөл, хөгшин гурван ес нь хаврын тэргүүн бар сарынхтай давхацдаг болохыг энд дурдах нь зүйтэй болов уу.

Бичвэр тэрлэгч бивээр хүйтний “ес эхлэх”-ийг зөвхөн Монголдоо үзсээр ирсэн, үзэж ч байгаа, хойшид ч үзнэ гэдэгтээ итгэлтэй байнам.

Эх сурвалж: Aguulga.mn Сэтгүүлч Б.ЕРЭНТЭЙ