Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Урвуулагч” хэмээгч шороон гахай жилийн төлөв байдал

2019-01-31

МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  МУИС-ын профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор монголын их багштан, Ойрад монголын Хүннү заяаийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагасбаатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандида(1599-1662) хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь, түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хорин найман боть ном туурвиж, “Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын “Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

Монголын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо төгс буятны шажин нийтэд их дэлгэрсэн цаг үе лүгээ тохируулж, Төвдийн пүг, цүр хэмээх хоёр ёсыг үндэслэн, хойш Байгал далай, урагш Цагаан хэрэм, зүүн тийш Номхон далай,  баруун тийш Киргис, Түрэг, баруун урагш Төвдийн өндөрлөг хүрэх газар нутгийг багтаасан Их Монгол орны уудам дэлгэр газар нутгийн хуваарьт тохирсон төгс буянт шинэ зурхайн ёсыг боловсруулсан юм. Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།ལི་ཐོ། лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.

Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.

Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།)”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцан (1639-1704)-ы монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.

Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая.

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салбаас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!

МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич,

шинжлэх ухааны доктор (ScD),  МУИС-ын профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбишийн зурсан

 

МОНГОЛ ОДОН ЗУРХАЙН ТООЛОЛ БА XVII ЖАРНЫ “УРВУУЛАГЧ” ХЭМЭЭГЧ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

 

 

Нэгэн зүйл. XYII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн үр

Зурхайн гол шүнгүүдэд “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд дайсны хямрал болж, хүмүүс айж хөнөөгдөх больюу хэмээн тэмдэглэсэн буй.

Жилийн эзэн Гар одны үр нь: Дээд буяны багш саднууд ба угсаа сайт төрөлхтөний эд эдэлбэр арвижин, амьтан бүхнээ сайн амгалан болох ба номоор явагч зарим нэгнээ аюул болмуй.

Жилийн хаан гараг Бархасвадийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижьюу.Ном төгөлдөртнүүд алдрыг ольюу.Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижюу.Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.

Жилийн түшмэл гараг Адъяагийн үр нь: үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орны дотор цэрэг хямарч болзошгүй.

Энэ жилийн хувьд наран Хумх, Загас, Хонь, Хилэнцийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Нумны ордонд байрлах үед сайн, ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Үхэр, Хамтатгах, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.

 

Нэгэн зүйл.“Шороон үхэр”-ийн үр

Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож уламжлалыг бодож, энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно.

“Шороон үхэр”-ийн шинжээр зуны сард хур бороо сайтай, жилийн турш өвс ногоо, тариа төмс сайтай. Хавар цас элбэгтэй, зун намар, өвлийн адаг сард мөндөр цас арвин орох жил болно. Настанд ээлтэй, залууст ширүүвтэр, хүүхдүүдэд ширүүн байхын нигууртай болой. Малд амгалан, ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй.

 

 

 

Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 17, Үр 7, өвс 13, сэрүүн 7, чийг 17, салхи 13, арвидал 15, хямрал 11 болно. “Гишүүнд орох” хэмээх хур устай жилийн нуруу сайн.

 

Нэгэн зүйл. Боовны үр буюу шинэ жилийн хошигнол

Энэ жил 11 хүмүүн, 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 3 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж.

 

Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

Монголчуудын байнгын хэрэглэгээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.

Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс (билгийн буюу хий насаар)

Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс (хий насаар)

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эр, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эмэгтэй хүн зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни:Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эр, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эмэгтэй хүн баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни:Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни:Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эр, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эмэгтэй зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни:Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эр, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эмэгтэй зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110 настай эр, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104 настай эмэгтэй баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал:Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни:Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113 настай эрэгтэй, эмэгтэйчүүд зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах)  Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эмэгтэй урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

 

Гахай жилийн хөлөл, суудал (төрсөн оноор)

 

Хөлөл хүйс Төрсөн он
Гал Эр 2019  2011  2003  1995  1987  1979  1971  1963  1955  1947  1939  1931
Эм 2015  2007  1999  1991  1983  1975  1967  1959  1951  1943  1935  1927
Шороо Эр 2018  2010  2002  1994  1986  1978  1970  1962  1954  1946  1938  1930
Эм 2016  2008  2000  1992  1984  1976  1968  1960  1952  1944  1936  1928
Төмөр Эр 2017  2009  2001  1993  1985  1977  1969  1961  1953  1945  1937  1929
Эм
Огторгуй Эр 2016  2008  2000  1992  1984  1976  1968  1960  1952  1944  1936  1928
Эм 2018  2010  2002  1994  1986  1978  1970  1962  1954  1946  1938  1930
Ус Эр 2015  2007  1999  1991  1983  1975  1967  1959  1951  1943  1935  1927
Эм 2019  2011  2003  1995  1987  1979  1971  1963  1955  1947  1939  1931
Уул Эр 2014  2006  1998  1990  1982  1974  1966  1958  1950  1942  1934  1926
Эм 2012  2004  1996  1988  1980  1972  1964  1956  1948  1940  1932  1924
Мод Эр 2013  2005  1997  1989  1981  1973  1965  1957  1949  1941  1933  1925
Эм
Хий Эр 2012  2004  1996  1988  1980  1972  1964  1956  1948  1940  1932  1924
Эм 2014  2006  1998  1990  1982  1974  1966  1958  1950  1942  1934  1926

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.

 

  

 

Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

            Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно.

 

Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.

 

Махбодажил Гал Шороо Төмөр Ус Мод
Туулай 1 13 25 37 49
Луу 50 2 14 26 38
Могой 51 3 15 27 39
Морь 40 52 4 16 28
Хонь 41 53 5 17 29
Бич 30 42 54 6 18
Тахиа 31 43 55 7 19
Нохой 20 32 44 56 8
Гахай 21 33 45 57 9
Хулгана 10 22 34 46 58
Үхэр 11 23 35 47 59
Бар 60 12 24 36 48

 

Жарны тооллын билгийн жилийг

аргын онд шилжүүлэх арга

Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.

Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг  о үсгээр тэмдэглэе.

Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

o=1026+(a-1)*60+b болно.

Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40

o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966

буюу 1966 он болж байна.

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.

            Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

1962 оныг билгийн жилд шилжүүлье.

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.

 

Нэгэн зүйл.124 ЖИЛИЙН ЦАГААН САР ХЭДҮЙД ЭХЭЛСНИЙГ МЭДЭХ ХҮСНЭГТ

Шинийн нэгэнд аргалзах аргын он, сар, өдөр Билгийн жилийн нэр
1896.02.14 * Гал бич
1897.02.02 Гал тахиа
1898.02.21 Шорон нохой
1899.02.11 Шороон гахай
1900.02.01 Төмөр хулгана
1901.02.20 Төмөр үхэр
1902.02.09 Усан бар
1903.01.29 Усан туулай
1904.02.17 Модон луу
1905.02.05 Модон могой
1906.02.24 Гал морь
1907.02.13 Гал хонь
1908.02.03 Шороон бич
1909.02.21 Шороон тахиа
1910.02.10 Төмөр нохой
1911.01.31 Төмөр гахай
1912.02.19 Усан хулгана
1913.02.07 Усан үхэр
1914.02.25 Модон барс
1915.02.15 Модон туулай
1916.02.04 Гал луу
1917.02.22 Гал могой
1918.02.12 Шороон морь
1919.02.01 Шороон хонь
1920.02.20 Төмөр бич
1921.02.08 Төмөр тахиа
1922.01.28 Усан нохой
1923.02.16 Усан гахай
1924.02.05 Модон хулгана
1925.02.24 Модон үхэр
1926.02.13 Гал бар
1927.02.03 ** Гал туулай
1928.02.22 Шороон луу
1929.02.10 Шороон могой
1930.01.30 Төмөр морь
1931.02.18 Төмөр хонь
1932.02.07 Усан бич
1933.02.25 Усан тахиа
1934.02.14 Модон нохой
1935.02.04 Модон гахай
1936.02.23 Гал хулгана
1937.02.12 Гал үхэр
1938.02.01 Шороон барс
1939.02.20 Шороон туулай
1940.02.09 Төмөр луу
1941.01.28 Төмөр могой
1942.02.16 Усан морь
1943.02.05 Усан хонь
1944.02.25 Модон бич
1945.02.13 Модон тахиа
1946.02.03 Гал нохой
1947.02.21 Гал гахай
1948.02.10 Шороон хулгана
1949.01.29 Шороон үхэр
1950.02.17 Төмөр бар
1951.02.07 Төмөр туулай
1952.02.26 Усан луу
1953.02.15 Усан могой
1954.02.04 Модон морь
1955.02.23 Модон хонь
1956.02.12 Гал бич
1957.01.31 Гал тахиа
1958.02.19 Шороон нохой
1959.02.08 Шороон гахай
1960.02.27 Төмөр хулгана
1961.02.16 Төмөр үхэр
1962.02.05 Усан бар
1963.02.25 Усан туулай
1964.02.14 Модон луу
1965.02.02 Модон могой
1966.02.21 Гал морь
1967.02.10 Гал хонь
1968.01.30 Шороон бич
1969.02.17 Шороон тахиа
1970.02.07 Төмөр нохой
1971.02.26 Төмөр гахай
1972.02.15 Усан хулгана
1973.02.04 Усан үхэр
1974.02.23 Модон бар
1975.02.12 Модон туулай
1976.02.01 Гал луу
1977.02.19 Гал могой
1978.02.08 Шороон морь
1979.02.27 Шорон хонь
1980.02.17 Төмөр бич
1981.02.05 Төмөр тахиа
1982.02.24 Усан нохой
1983.02.13 Усан гахай
1984.02.02 Модон хулгана
1985.02.20 Модон үхэр
1986.02.09 Гал бар
1987.01.30 ***  Гал туулай
1988.02.18 Шороон луу
1989.02.07 Шороон могой
1990.02.26 Төмөр морь
1991.02.15 Төмөр хонь
1992.02.04 Усан бич
1993.02.22 Усан тахиа
1994.02.11 Модон нохой
1995.01.31 Модон гахай
1996.02.19 Гал хулгана
1997.02.08 Гал үхэр
1998.02.27 Шороон бар
1999.02.17 Шороон туулай
2000.02.06 Төмөр луу
2001.02.24 Төмөр могой
2002.02.13 Усан морь
2003.02.2 Усан хонь
2004.02.21 Модон бич
2005.02.9 Модон тахиа
2006.1.30 Гал нохой
2007.2.18 Гал гахай
2008.2.08 Шороон хулгана
2009.2.25 Шороон үхэр
2010.2.14 Төмөр бар
2011.2.03 Төмөр туулай
2012.2.22 Усан луу
2013.2.11 Усан могой
2014.1.31 Модон морь
2015.2.19 Модон хонь
2016.2.09 Гал бич
2017.2.27 Гал тахиа
2018.2.16 Шороон нохой

 

Тайлбар

*XY жарны 30-р жил

**XYI жарны эх

***XYII жарны эх

Хоёр жилийн заагаар төрсөн хүмүүс ямар жилтэй болохоо эндүүрэггүй олоход туслах зорилгоор сүүлийн 124 жилийн хаврын эхэн сар буюу цагаан сарын шинийн нэгний арга билгийн тохироог хавсаргав.           Жилийн өнгө нуруу болон мөрөө гаргах ёсыг товч дурдваас ийм буюу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин