Чихинү чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл минь 1 САЯ ҮГТЭЙ

2019-01-31

Хэл бол харилцааны хэрэглүүр,

Нүд бол сэтгэлийн толь гэсэн цэцэн үг бий.

Сүүлчийн мөрийг нь Василий Васильевич Кандинскийн абстракционизм руу аваачвал төгс төгөлдөр болоод явчих байх. Харин нэгдүгээр мөр нь бодит реализм дахь шинжлэх ухааны ойлголт. Ингэхэд монголчуудын харилцааны хэрэглүүр Монгол хэл минь хэр баян бол?

Б.Ринчен доктор Монгол хэлний үгийн санг нэг сая үгтэй гэж бидэнд хэлж өгсөн билээ. Тэрбээр 1959 онд хэвлүүлсэн “Баруун этгээд зорчсон тэмдэглэл” номынхоо 100 дугаар талд “Улсын номын сангийн бүх дармал, бичмэл номын үгийг шошгонд буулгавал сая үг болох нь дамжиггүй” гэж бичсэн байдаг. Энд сартваахи эрдэмтний даруухан хандлага мэдрэгдээд байдаг юм. Уг нь ном сударт байгаа буюу бичгийн хэлний монгол үгийг тоолоод сая хүргэсэн юм билээ.

Хожмоо “Этгээд хэл” шүлгэндээ зуун түм буюу сая үгтэй гэж давтан хэлж өгсөн.

 

ЭТГЭЭД ХЭЛ

Үг нь монгол, өгүүлбэр нь орос

Үзэхэд этгээд сонин хэл.

Өв соёлоон үл тоомсорлон

Өнөөгийн байдал ийм болов.

Зуун түмэн үгтэй хэлд

Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх

Харийн үгээр далайлгагсдыг

Хамгийн боловсорсон гэхэд бэрх

Гадаадын үгээр гайхуулагчдыг

Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх.

Хэвлэл сонин уншсан үдэшдээ

Хэлний шинжлэлтний нойр хулжаад

Хэвтэвч сэтгэлд эвгүй үг

Хэнхдэг дээр чулуу дарах мэт

Харь үгийн бүлхэнд хахаж

Харанхуй шөнө хар дарах мэт.

Эх сурвалж: aguulga.mn Сэтгүүлч Б.ЕРЭНТЭЙ