Сүйт бүсгүй хулгайлах гээд бэртээчих дөхжээ

2019-01-28

ОХУ-ын Ар Осетийн нийслэл Владикавказад нэгэн залуу хуучны ёсоор сүйт бүсгүйг хулгайлж авах зан үйл хийхийг хичээжээ.

Гэвч богинохон зайд хоёр ч удаа унаж, бүсгүйгээ гэмтээчих дөхсөн байна. Үйл явдлын бичлэгт дэргэд байсан хүмүүс халаглан дуу алдах нь тод сонстоно.

Youtube дээр тус дүрсийг байршуулсны дараагаар хүмүүс олон янзын сэтгэгдэл бичжээ. “Хөөрхий бүсгүйчүүд. Хэзээ энэ цирк дуусах юм бэ. Бэртээчихлээ шүү дээ” гэж нэгэн хүн бичсэн бол “Хоёр ч удаа унагачихаад байхад ёстой дуртай нь л энэ эртэй гэрлэх байх. Унагачихаад яаж байгааг нь ч асууж, халамжилсангүй. Зүгээр л цааш нь хөлдүү мах шиг өргөөд явчихлаа. Аятайхан хулгайлж, мөн эвтэйхэн бичлэг хийчихэж чадахгүй ингэж гутамшиг болохоо боль” гэж өөр нэгэн хүн бичжээ.


Кавказад сүйт бүсгүй хулгайлах ийм ёс хэдэн зууны өмнө ч байсан гэдэг. Та бидний сайн мэдэх “Кавказад болсон явдал” кино дээр ч ийм зан үйлийн тухай өгүүлдэг. Гэхдээ одоо цагт ингэж сүйт бүсгүйг хүчээр хулгайлах явдал илчлэгдэн баривчлагдвал 15 хүртэлх жилийн ял оноодог болсон гэнэ.

2018 оны арванхоёрдугаар сарын 14-нд Ингушетэд дүү охиноо ингэж бусдад хулгайлуулсан эр цагдаад хандснаар 23 настай нэгэн эрийг баривчилсан байна.

2016 оны есдүгээр сард Пятигорскт 16 настай охиныг мөн ийм байдлаар хулгайлсан 25 настай эрийг баривчлан хорьжээ.

News1.mn Р.Гэгээ