Аваргын барилдааны талаар Н.Батсуурь, Б.Лхагвадорж, МҮБХ тайлбар хийлээ

2019-01-14

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглож, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Уг барилдааны үеэр улсын аварга Н.Батсуурь, аймгийн арслан Б.Лхагвадоржтой барилдахдаа залуу бөхийг шилэн хүзүүгээр нь хүчтэй унагасан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь “Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан” гэх тайлбарыг өгсөн байна.

Харин Аймгийн арслан Б.Лхагвадорж “Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Түүнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй” гэсэн тайлбар өгчээ.

Мөн энэ асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий менежер С.Гантөр “Энэ тохиолдолд бөхийн ёс зүй яригдах шаардлагагүй. Энэ бол спорт шүү дээ. Унасан бөх гомдол гаргасан тохиолдолд шалгах учиртай. Санаатай болон санамсаргүй үйлдэл хийсэн эсэх нь бичлэгээс харагддаг. Гэхдээ санаатайгаар нугасыг нь таслах гэж оролдсон зэрлэг үйлдэл хийсэн гэж би бодохгүй байна” гэсэн тайлбар хийлээ.

zindaa,mn