С.Баярцогт Оюутолгойн гэрээний талаар ингэж ярьдаг

2019-01-14

 

Н.Маргад

Оюутолгойн гэрээг хэн ч ярьж болно. Учир нь Оюутолгойн орд бол Монголын ард түмний хуулиар хамгаалагдсан өмч юм. Тиймээс энэ гэрээ, түүний үр дүнг хүн бүр ярих эрхтэй. Харин энэ талаар ярьсан УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав улс төрийн буланд шахуулж эхэлж байна. Үнэн хэрэгтээ Д.Загджав бодит байдлыг л хэлсэн байдаг юм.

Тэгвэл Оюутолгойн гэрээг зурахад Сангийн сайд байсан С.Баярцогт тэрхүү гэрээний талаар юу гэж ярьж байсан бэ. Өнөөдөр тэр нь биелсэн үү.

С.Баярцогтын 2008оноос хойш хэлж байсан үг, байр суурийг түүвэрлэн хүргэе. Эндээс Д.Загджав юу ярьсан нь харагдах биз ээ.

  1. С.Баярцогт: “Оюутолгой”-н гэрээ зурагдаад эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ. Үүгээр бид…

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараагаар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг батлах асуудал ямар шатанд явж байгааг Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Оюутолгой орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг батлах ажил ямар шатандаа явж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн болов уу?
-“Оюутолгой”-н гэрээ байгуулах ажил яг төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Хойшилсон зүйл байхгүй.  Энэ гэрээг батлах явцад стратегийн томоохон хуулиудад өөрчлөлт орсон.

Хууль батлагдаад ёсчлогддог. Ёсчилсоны дараа ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийн хугацаатай.

Энэ хугацаа дууссаны дараа тухайн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Ингэж хүчин төгөлдөр үйлчилсний дараагаар Засгийн газар хэлэлцээд тогтоол гаргана. Хууль болон Засгийн газрын тогтоолууд албан ёсоор журамлагдах учиртай юм.  Өнөөдрийн Засгийн газраар өөрчлөлт орсон хуулиудын хүрээнд тогтоол гаргалаа.

Одоо хөрөнгө оруулалтын гэрээний төслийн англи, монгол хувилбар эцсийн байдлаар гарч ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурах асуудал шийдэгдэнэ.

-Есдүгээр сардаа багтан гэрээ батлагдах уу?
-Багтана.  Би баталгаатай хэлж байна. Эцсийн хугацаа нь энэ сарын  30-н гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ хоёр давхар зурагдах уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээг гурван сайд зурна. Зээлийн гэрээг би өөрөө биечлэн тухайн байгууллагатай зурна.

-Урьдчилгаа мөнгө хэзээ ямар байдлаар орж ирэх вэ?

-Эцсийн байдлаар бэлэн болоод байгаа гэрээний төсөл дээр урьдчилгаа болгож 250 сая ам.доллар орж ирэх ёстой. Урьдчилсан тохироогоор гарын үсэг зурсан өдөр 100 сая, зургаан сарын дараа 50 сая, санхүүжилт хийгдэж дуусах хугацаанд 100 сая ам.доллар тус тус  орж ирэх тухай яригдсан.

Энэ хугацааг урагшуулах талаар бид мөн ярьж байна. Ер нь нийт дүнгээ жилдээ багтааж авахаар дахин нарийвчилсан хэлэлцээрийг хийнэ.

-Энэхүү урьдчилгаа мөнгийг юунд зарцуулах талаар хэрхэн төлөвлөж байгаа билээ?

-Бид хоёр зүйл дээр ярьж байгаа. Нэг нь 2010 онд хүн амын нэгдсэн тооллого болно. Энэ бол манай улс шилжилт хийснээс хойшхи хамгийн том хэмжээний тооллого. Түүнд оролцох хүмүүс, бусад зардалд энэхүү мөнгөнөөс ашиглана.

Мөн хоёр намын сонгуульд мөрийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой хувийг бэлэн мөнгөөр тараах төлөвтэй байгаа. Энэ нь хүн амын тооллогод оролцсоныг баталгаажуулсан хэлбэрээр тараагдаж, зохион байгуулагдана гэж бодож байгаа.
Гэхдээ энэ бол гэрээ зурагдсаны дараа Засгийн газраар нарийн хэлэлцэгдэх юм.

2009.9.16.

2. С. БАЯРЦОГТ: Оюутолгойн гэрээнд асуудал байгаа бол өөрчлөх боломжтой

  • Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Хариуг нь ирэх сарын 1-ний дотор өг гэсэн билээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гэрээ тойрсон зарим зүйлийг ярьсан байна. Гэхдээ энэ нь нэр бүхий гишүүдийн шаардлагаас үүдээгүй гэдгийг Сангийн сайд онцлов. Хуулийн дагуу зургаан сар тутамд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийх учиртай. Энэ хүрээнд асуудлаа ярьсан аж. Сангийн сайдаас зарим зүйл тодрууллаа.

-Засгийн газраас Оюутол гойн хөрөнгө оруу лагчдад албан захидал явуулахаар болсон байна. Ямар агуулгатай санал тавих вэ?

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн онд Оюутолгойн техник, эдийн засгийн үн дэслэл /ТЭЗҮ/-ийг авч хэлэл цээд “Монголын тал хоёр асуудал хөндвөл яасан юм” гэсэн. Оюутолгойн гэрээг хийхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолыг бүрэн биелүүлсэн. Наймдугаар сард ээлжит бус чуулган хийгээд уг асууд лыг ярихдаа 40, 57 дугаар тогтоолыг биелүүлсэн эсэхийг танилцуулсан. Энэ тогтоол гурван заалттай. Эхний заалт нь Монголын талын оролцоог 34 хувь байлгах тухай. Үүнийг бүрэн биелүүлж, 34 хувиа үнэ төлбөргүй авчихсан байгаа. Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хуульд нийцүүл гэсэн. Тухайн үед шаардлагатай гурван хуульд өөрчлөлт оруулсан. Уг гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан.

Гуравдугаар заалт нь гурван үндсэн нөхцөлтэй. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийсний үр дүнд Монголын талын хувийг 50-д хүргэх асуудлыг шийд гэсэн. Бид асуудлыг амжилттай шийдсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахг үйгээр төрийн эзэмшлийг 50 хувьд хүргэнэ гэж шийдээд 1.6-д 30 жилийн дараа 50 хувьд хүргэх асуудлыг оруулсан. Хэрэв үүнтэй нийцүүлж хуульд өөрчлөлт оруулбал олон хүндрэл гарна. Тухайн орд газрыг төрийн оролцоотойгоор илрүүлсэн бол төр 50, хувийн хөрөнгөөр илрүүлсэн бол 34 хувийг эзэмшдэг. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ч төр 50 хувийг авдаг болговол төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн нөхцөлд эзэмших хувь 50-иас дээш болно. Энэ мэтээр олон асуудал гарах байсан учраас Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулалгүйгээр гэрээг хийж чадсан.

Ш.Сайхансамбуу гишүүн энэ асуудлаар өнгөрсөн долдугаар сард надад асуулга тавьсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлын шийдвэр ямар байгааг асуусан, түүнд хариуг нь өгсөн. Мөн Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлаарх мэдээллийг хагас жил тутамд сонсох хуультай. Тиймээс энэ сарын 25-нд Эдийн засгийн байнгын хороонд холбогдох мэдээллийг танилцуулна. Монголын талын хувь нийлүүлэгч нь Засгийн газар учраас хөрөнгө оруулагч талдаа 50 хувийг шийдсэн нөхцөлөө сайжруулах, Оюутолгойн хэлэлцээр дууссаны дараа өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг авах талаар хэлэлцээ хийх албан захидал явуулахаар болсон.

-Оюутолгойн гэрээг өөрч лөх шаардлага тавьсан гишүүд анхны хөрөнгө оруулалтыг 4-5 жилд нөхөх боломжтой гэж тооцсон. Гэтэл гэрээнд 30 жилээр тусгачихсан. Та Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ийм хугацаа тавьсан гэж тайлбарлалаа. Ер нь гэрээнд тэдний шаардаж буйгаар өөрчлөлт оруулах боломж бий юү?

-Ерөнхийлөгчийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа. Үүгээр ямар өөрчлөлт орохыг харж байгаад ярих байх. Анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа ТЭЗҮ-ээр тодорхойлно. Тэнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, үйлдвэрлэл хэзээ эхлэх, ямар нөхцөл үр дүнгээ өгөх гэх мэт бүх мэдээлэл нээлттэй. Нуух зүйл байхгүй. Асуудал байна уу, тэгвэл үүнийг шийдэх боломж бий.

-Тогтвортой байдлын гэрээ байгуулсан учраас өөрчлөх боломжгүй юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэсэн хоёр төрлийн гэрээ байгаа. Тогтвортой байдлын гэрээ бол татварын асуудал учир Сангийн сайд шууд байгуулдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгаль орчин, нийгэм, дэд бүтцийн асуудлыг хамаардаг учир гурван сайд гарын үсэг зурдаг. Ер нь бол тогтвортой байлгах үүргийг бид хүлээсэн. Тэгж байж хөрөнгө оруулагчдыг татна.

2011.9.2. С.УУЛ

  1. С.Баярцогт: Оюутолгойн гэрээг байнга засч, залруулж явах ёстой

Оюутолгойн хөрөнгө оруулагчид өнгөрсөн сард хоёр ч удаа хаалттай хуралдсан ч Монголын талаас гэрээний зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа билээ.  УИХ-ын дэд дарга С.Баярцогт манай сэтгүүлчийн тавьсан  асуултад  юу гэж  хариулсныг уншигч танд  хүргэе.

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал цааш үргэлжлэхээр боллоо.   Гэрээнд өөрчлөлт орохнайдлага байна уу?  

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар  Оюутолгойн асуудлаар  нэгдсэн нэг ойлголттой болъё гэх үүднээс  хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монголчууд   нэгдсэн  ойлголт байхгүйн улмаас  гэрээ, гэрээний хэрэгжилт,  гэрээ хийгдсэн түүх гэсэн гурван зүйлийг  ялгаж салгаж ойлгож чадахгүй  байгаа юм. Ерөнхийлөгчийн санал болгосон нээлттэй хэлэлцүүлэг зөвхөн гэрээний биелэлтийг хөндсөн.  Гэрээний биелэлтийн хугацаа  70 жил  шүү дээ.  Энэ хугацаанд байгуулагдсан Засгийн газар бүр хяналт тавьж, гэрээг биелүүлэх тал дээр хяналт тавьж  ажиллах ёстой.

Ашиг авах үед нь  монголчууд  53 хувиа авъя гэж байгаа юм. Тэр  үед  хөрөнгө оруулагч тал  ч  нийт оруулсан хөрөнгөө нөхөж авах ёстой.

 Гэрээнд заасан монголчуудын ашгаа авч эхлэх хугацааг урт байна гэж үзэж байгаа шүү дээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?

Тийм, ерөөсөө хоёр л асуудал байгаа шүү дээ. Нэгдүгээрт   Монголын тал ашгаа хүртэж эхлэх хугацааг урт байна гэж үзээд наашлуулах санал гаргасан. Хоёрдугаарт, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш баталсан. Тиймээс энэ хуулийг гэрээнд тусгах боломж байгаа эсэх, энэ талаар нэмэлт хэлэлцээр хийгээч ээ гэсэн ийм л хоёр асуудал байгаа юм. Нөгөөтэйгүүр, менежментийн төлбөрийн хувь бол өндөр байгаа учраас  энэ асуудлыг эргэн харахаар болсон.  Бидний хувьд нэлээд өндөр төвшинд тохиролцоонд хүрэхээр хэлэлцээр хийж  буй.  Зарим асуудлыг дараа дараагийн Засгийн газрууд хийчих байх гэсэн ийм л асуудлууд байгаа юм. Үнэхээр том гэрээ учраас засч, сайжруулах зүйлс байнга гарч таарна.   Бүх  зүйл  эдийн засгийн тооцоон дээрээ үндэслэгдэх ёстой. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод гэрээнд өөрчлөлт гарах болгонд бид нэмэлт гэрээ хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл,  анх 2009 онд гэрээ байгуулж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр нэмэлт дээр өр өгөөжийг бараг тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн ийм гурван төрлийн өөрчлөлтийг хийсэн. Тэгэхээр байнга засч сайжруулж байх ёстой ийм л гэрээ байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид гэрээний зарим заалтыг биелүүлэхгүй байна гэх яриа яваад байх юу?

-Тийм тал бий. Гэрээний анхны хөрөнгө оруулалтыг 5,1 тэрбум ам.доллар гээд гэрээнд заачихсан. Нэмэлтээр хийж байгаа хөрөнгө оруулалт нь 4,1 буюу дөрөв орчим тэрбум ам.доллар байх ёстой. Анхны хөрөнгө оруулалт нь нэг тэрбум. Ингээд ойролцоогоор тав орчим тэрбум ам.доллар байна гэж гэрээнд заасан байгаа. Гэтэл одоо хөрөнгө оруулагчид 6.2 тэрбум ам.доллар болгоод 1,1 тэрбумаар хэтрүүлчихээд байна. “Та нар гэрээнд зааснаас илүү 1.1 тэрбумыг  яагаад нэмсэн бэ” гэдэг асуудлаар одоогийн Засгийн газар тайлбар аваад,  энэ нь эдийн засгийн үр өгөөжид нөлөөлж байвал бид  дахин ярилцах ёстой.

– Ер нь шулуухан асуухад  ТУЗ-ийн гишүүд  сайн ажиллаагүйн улмаас ийм байдалд хүрсэн юм биш үү?

-Ерөнхийлөгчийн тавьсан 15 асуултад  би хариулт өгсөн. Тэр  бол үе үеийн Засгийн газрын хийх ёстой асуудал. Худалдан авалт, менежментийн оролцоо, хяналт, зэсийн лаборатори байгуулах асуудал, байгаль орчин экологийн асуудал, хот байгуулалтын асуудал гээд энэ бүх зүйлийн үндэс нь гэрээнд суучихсан. Одоо тэгэхээр гэрээний хэрэгжилтэд үе үеийн Засгийн газар хяналт тавиад, хөрөнгө оруулагч талдаа шаардлага тавьж, түүнийгээ хянаад явж байх ёстой. Ийм л зүйл байгаа юм.

-Урьдчилгаа хөрөнгө оруулалтын  эргэн төлөлтийн асуудал ойлгомжгүй байна.  Та тайлбар өгнө үү?

 -Энэ гэрээ зээлийн гэрээ биш. Би маш ойлгомжтой тайлбарлаж байгаа шүү дээ.  Хүмүүс намайг  хэд хэдэн асуудлаар  шүүмжилж буй.  Эрсдэлгүй гэрээ гэсэн чинь яав эрсдэлтэй л байна шүү дээ гэх мэтээр.  Бүхэл бүтэн төсөл шүү дээ.

Монголын тал нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй гэх байр суурь дээрээ та хатуу зогсч байсан. Өдгөө ч хэвээрээ юу?

Хөрөнгө оруулагчид 6.2 тэрбумаа авч ирээд хийчихсэн байгаа. Энэ асуудал дээр Монголын Засгийн газар нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй. Хамгийн энгийнээр хэлэхэд 6.2 тэрбум ам.доллар хийчихээд байгаа гэрээ маань зогсчихлоо гэж бодоход энэ нэмэлт хөрөнгө оруулалтад манайх нэг ч төгрөгийн  хариуцлага хүлээхгүй.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч тал “шатна” гэсэн   үг. Гэрээний давуу тал юундаа байна вэ гэхлээр бид ямар  нэг  эрсдэл хүлээхгүй. Ашиг авах үед нь  53 хувиа авъя гэж байгаа юм. Тэр үед  хөрөнгө оруулагч тал чинь нийт оруулсан хөрөнгөө нөхөж авах ёстой. Тодруулж хэлбэл, зардлаа нөхөх  тооцоон дээр нийт зардлынх нь 34 хувь нь танайд оногдох учраас танайхаас авах ёстой. Танай ашгаас чинь суутгаад явна шүү гэсэн асуудал байгаа.  Тиймээс  эрсдэл ерөөсөө байхгүй, ашиг хуваарилт дээр авах мөнгөний хувьд тохиролцсон ийм гэрээ байхгүй юу. Миний хувьд гэрээний бүх зүйл заалт нь бүгд ил, дуртай нэг нь ороод үзэх боломжтой байхад уншихгүйгээр дүгнэлт хийгээд,  яриад яваад байгааг нь л  ойлгохгүй байгаа юм.

 Яг одоо тодорхой болоогүй эргэлзээ төрүүлэхүйц  асуудал юу байна?

-Ер нь бол Оюутолгойн асуудлыг зохицуулж байгаа дөрвөн том гэрээ байгаа. Энэ гэрээнд багтаагүй  олон асуудал бий.  Тэр бүгд   хувь нийлүүлэгчид, ТУЗ, менежмэнтээр шийдэгдэх учиртай.  Бүх л компаниудад бизнесийн таатай, таагүй нөхцөл байдлаас болж үнэлэлт дүгнэлт гардаг. Яг үүнтэй л адилхан. Энэ бол гэрээтэй холбоотой асуудал биш.

2013.3.19.

  1. С.БАЯРЦОГТ: ОЮУТОЛГОЙ КОМПАНИЙН ХУВЬД ТЕГ-Т 50 ЗҮЙЛТЭЙ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүдийн асуулт хариултаар хэлэлцүүлэг өрнөж байна.

Д.Лүндээжанцан гишүүн:
-Хууль гарснаар ямар өөрчлөлтүүд гарах вэ . Байгууллага аж ахуй нэгжүүд орчин үеэ дагаад шинэ шинэ санхүүгийн програм ашигладаг. Гэтэл тэр програмаар бодсон тайлан санхүүг манай татварынхан хүлээн зөвшөөрдөггүй. Энэ маргаан Оюутолгой дээр ч байгаа. Энэ асуудлыг энэ хууль зохицуулах уу, татварын нэр томьёо, стандартын асуудал цэгцрэх үү.

С.Баярцогт сайд:
-Техникийн чанартай холбоотой асуудалд ажлын хэсэг тодруулга өгөх байх. Өмнө нь бүгдээрээ ижил стандартаар нягтлан болох бүртгэл тайлангаа гаргадаг байсан бол одоо бол жижиг компаниуд хялбарчилсан маягаар тайлангаа гаргана.
Мэргэжлийн нятлан бодох бүртгэл институцын хувьд 6 чиглэлээр хуулийн дагуу шилжинэ.
Монголд өнөөдөр ихэнх байгууллагууд хүлээн зөвшөөрөгдсөн програмыг хэрэглэдэг. Зарим байгууллагууд Монголд хүлээн зөвшөөрөгдөөгүй програм ашигладаг. Үнэхээр тэр програмыг хэрэглэх гээд байгаа бол зохих газарт нь шалгуулаад зөвшөөрлөө авчих хэрэгтэй.

Оюутолгой компанийн хувьд  татвартай холбоотой асуудлаар Манай татварын байгууллагад 50 зүйлтэй санал хүргүүлсэн. Энэ бүгдийг ярилцаж хэлэлцээд цаашид хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
Ажлын хэсгээс С.Баярцогт сайдын хариулт дээр нэмэлтээр хариу өгөхдөө “Жижиг аж ахуй нэгж гэдэг дээр жилд нэг удаа тайлангаа өгнө гэж байгаа. Үүнийг хуульдаа заагаад өгсөн. Гол нь мэргэшсэн нягтлан бодогчдын шалгуурт эрх олгохыг төр буюу Сангийн ям хэрэгжүүлж байсныг институцд шилжүүлье гэж байгаа юм. Санхүүгийн програмыг бас шийдвэрлэж болно. Татварын маргааныг манай хуулиар зохицуулахгүй татварын бусад хуулиар зохицуулна” гэв

Ж.Батзандан гишүүн:
-Энэ хуулийг ноднин жил оруулж ирж байсан. Энэ жил дахин орж ирж байгаа юм байна. Энэ хугацаанд хичнээн өөрчлөлт оруулав.
Гадаадын хөрөнгийн бирж дээр Монголын уул уурхайд түшиглээд хөрөнгө босгож байгаа компаниуд , уул нь хөрөнгийн бирж дээр босгосон хөрөнгөө мэдүүлдэггүй. Тэр нь хууль бусаар гараад явчихаад байна. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн, байдлаар зохицуулж чадах уу.
Бид энэ хуулийг гаргалаа гэхэд Үндэсний аудитын болон нятлан бодох бүртгэлийн компаниуд зөвхөн Монголд бус дэлхийн зах зээлд гарах боломж бий юу.

С.Баярцогт сайд:
Энэ хууль маань жилийн өмнө өргөн баригдаад хэлэлцэгдээд, УИХ дээр хэлэлцэх эсэхийг шийдээд төсвийн байгуулалтын байнгын хороон дээр таван гишүүнтэй ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналаар ажиллаж байгаад оруулж ирсэн.
Манай ажлын хэсгийнхэн Ж.Батзандан гишүүний тодорхой асуултуудад хариулчих уу.

Ажлын хэсгээс “Гадаадын Аудитын компаниуд Монголд орж ирэх Монголын аудитын компаниудад гадаадын компаниудтай хамтарч ажиллах боломжтой. Энэ хуульд тусгайлан заасан байгаа. Манай үндэсний аудитын компаниуд гадаад гарах асуудал нээлттэй байгаа. Одоогийн хуулиар ч нээлттэй байгаа.
Нягтлан бодох бүртгэлийн хувьд гадаадын байгууллагууд англи хэл дээр хэрэг хөтлөлтөө хийдэг. Үүнийг шалгахад Монголын  нягтлан бодох бүртгэлийн хувьд асуудал их тулгардаг. Иймээс  заавал Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тайлан хөтлөлтөө монгол хэлээр хөтөл гэсэн шаардлага тавьж байгаа. Үндсэндээ Монгол, англи хэлээр явна.

Харин Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад шалгалт хийх эрх нь нээлттэй байгаа.
Гадаадад хувьцаагаа гаргасан компаниудад заавал аудит хийнэ. Санхүүгийн тайланг нь шалгана. Үүнд Гадаадад хувьцаагаа гаргаж байгаа компаниудын хувьд шалгалтыг Монголд хийнэ гэсэн заалт оруулж ирсэн. Үүнийг уг хуулиар  зохицуулах бүрэн нээлттэй.
Чуулган хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

2015.5.8.Г.Уянга. olloo.mn

С.БАЯРЦОГТ: ОЮУТОЛГОЙГ ЗӨВХӨН МӨНГӨ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГГҮЙ

–Таны судалгааны нэг хэсэг чинь том төслийн жижиг эдийн засаг дахь нөлөөлөл гэсэн үү. Тэгвэл “Тавантолгой”, “Оюутолгой” Монголын эдийн засагт яаж нөлөөлөхөөр байна?

-Төр засаг жижиг, дунд үйлдвэрийг бий болгоно гээд төсвөөс баахан зээл тусламж өгөөд л байдаг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрүүд чинь яаж хөгждөг гээч.

-Яаж?

-Том төслүүдийг дагаж хөгждөг юм. Нэг том төсөл өөрөө хэдэн мянган жижиг төслийг тэжээж амьдардаг.Оюутолгой ашигтай ажиллах үед эрчим хүч, ус, тээвэрлэлт, авто зам, ханган нийлүүлэлт, барилга гээд маш их хэмжээний ажлын  байр бий болно. Үүнийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Түүнээс энэ том бүтээн байгуулалтыг хэн нэгэн хүн хувьчлаад авчлаа гэж ойлгодог, атаархдаг байж болохгүй л дээ. Жак Ма өнгөрсөн намар Монголд ирсэн. Түүний хэлсэн үгийг санаж байгаа биз дээ. Саяас дээш доллартай хүн толгойны өвчтэй болно. Тэрбум доллартай хүн бол тэр мөнгө өөрийнх нь биш, ард түмний итгэлийн мөнгө. Тэгэхээр тэрбум доллартай хүн улстөрчдөөс илүү улс орныхоо төлөө санаа зовдог гэж хэлж. Яагаад гэвэл тэр хүний үйлдвэрүүд ажлын байр бий болгож байна, олон мянган айл авч явж байна.  Манайхан болохоор тэр хүний халаасан дахь мөнгийг л тоолоод байдаг.  Нөлөөллийг нь олж харж чадахгүй байна.

Дээрээс нь дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Бидний мэддэг уламжлалт эдийн засаг чинь үндсэндээ бараг алга болох гэж байна. Ийм нөхцөл байдалд улс орны хөгжлийн бодлого яаж зангидагдаж явах юм бэ гэдгээ бид бодох цаг болсон.

-Өнөөдөр бол та хамгийн “муу” хүн болчихоод байгаа. Амтай болгоны таныг шүүмжлэх болсон. С.Баярцогт гэж Оюутолгойн мөнгийг оффшорт аваачихаад нуучихсан, адгийн авлигачаар  тодруулах гэсэн оролдлого сүүлийн хоёр жил маш хүчтэй явагдлаа ?

-Хүмүүс хүнийг харлуулахдаа гарамгай юм байна гэдгийг би сүүлийн үед ухаарч байгаа шүү /инээв/. Ер нь хүмүүс юмыг их амархан мартдаг юм байна. Сүхбаатар, Чойбалсан нарын бунхан, Самбуу гуайн шарилыг зөөгөөд оронд нь Чингис хааны хөшөө цогцолбор барина гээд тухайн үедээ багагүй хэл аман дундуур эрсдэл хийгээд л дайрсан. Би чадсан. Намайг Сангийн сайд болох үед эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан. ОУВС болон бусад улс орнуудтай хэлэлцээр хийгээд 18 сарын “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, амжилттай давж гарсан. Дараа нь Оюутолгойн хэлэлцээрийг хийсэн. Хувь улстөрчийн хувьд маш их эрсдэлтэй алхмууд байсан байх. Байнга муу хэлүүлнэ. Нэр төрөөрөө хохироод л дуусдаг. Гэхдээ эргээд энэ бол улс оронд хөгжил авчирна. Би үүнд итгэлтэй, үүгээрээ ч бахархдаг. Үүнийг хийсэн хүмүүсийг Монголын төр, ард түмэн үнэлэх цаг ирнэ. Дараа нь Оросын өрийг тэглэх хэлэлцээрт орсон. ҮАБЗ-өөс чи 70 хувийг нь буулгаад 30 хувь дээр нь төлбөр тооцоо хийгээд ирвэл Монголд ашигтай шүү гэж захиж байсан юм. Би 97.8 хувийг нь хөнгөлөөд, 2.2 хувийг төлөх шийдвэр гаргуулаад ирсэн. Ноднин жил өргүй болсон. Энэ бол хувь улстөрчийн хувьд эрсдэл байж болох юм.

Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь улстөрчийнхөө нэр төрөөрөө эрсдэл хийх чадвартай байх ёстой гэдэг бол миний зарчим юм. Миний хувьд хувьцааны бизнес хийвэл өсгөж чадна гээд хэдэн найз нөхөдтэйгөө нийлээд оффшор компани байгуулж байсан. Тэр асуудлаар одоо хүртэл намайг баалдаг л даа. Харин өнөөдөр би төр засгийн ажлаас хол байна. Дахиад ийм эрсдэл хийвэл амжилт олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Оюутолгойн гэрээ зурагдаад найман жил боллоо. Эргээд харахад энэ гэрээг хэрэггүй хийжээ гэдэг сэтгэгдэл төрж байсан уу. Үргэлж л таныг Оюутолгойтой хардаж, хэвлэлээр баалдаг болохоор асууж байна л даа?

-Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр. Оюутолгойн гэрээ бол маш сайн хийгдсэн. Би өөрөө хийсэн учраас хэлж байгаа юм биш. Гэрээ хийсний дараа ОУВС, судалгааны тинк танк, хөндлөнгийн шинжээчид маш олон хүмүүс энэ гэрээн дээр судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаа болгон дээр хууль, эрх зүйн орчиндоо маш сайн хийгдсэн гэрээ байна гэж дүгнэсэн. Үе үеийн монголчууд энэ төслийн үр өгөөжийг мэдэрнэ ээ. Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харахаас гадна бас мөнгөөр илэрхийлж болохгүй маш том асуудал цаана нь явж буйг олж хараарай. Өөрөөр хэлбэл, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл.  Дээрээс нь олон улсын маш сайн менежментийг Монголд оруулж ирж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж байгаа. Дэлхийн уул уурхайн салбарын номер хоёр компани “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг өөрөө цэвэр уриа, сурталчилгаа болж байгаа юм. Үүнийг харлуулах гэж байгаа бол би тэр хүмүүсийг Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж хэлнэ.

2017.1.13. Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: www.news1.mn