Цагдаагийн хурандаа нар зодолдож, нэгнийгээ хүндээр гэмтээжээ

2019-01-14

Цагдаагийн хурандаа нар зодолдож, нэгнийгээ хүндээр гэмтээжээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зодоон болж буй дуудлага цагдаагийн утсанд иржээ.

Энэ дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Баянмонгол хороололд очиход ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ тархи толгойг гэмтээжээ.

Хэргийг өдгөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэд хувийн шинжтэй маргаанаас болж ийнхүү хоорондоо зодолдсон байна.

Цагдаагийн удирдлагуудын зүгээс уг хэргийг ихэд нууцалж, чимээгүйхэн шалгаж дуусгахыг үүрэгджээ. Мөн албан хаагчидтай холбоотой хэрэг тул ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгах ёстой ч архи дарс, зодоон цохионы шинжтэй тул харъяаллын дагуух цагдаагийн хэлтэс нь шалгаж байгаа юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn