Төрийн банкны 20 тэрбумаас болж Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн хоёр муудалцжээ

2019-01-11

Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Дараахан нь “Шинжиан шинфа” ХХК-д зээл нэрээр олгосон нь тодорхой болсон.

Гэтэл өмнө нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн 5.0 тэрбумаас дээш зээл олгохыг хориглосон чиглэлийг Төрийн банкинд өгсөн атлаа тэрхүү хязгаарлалтад хамааруулахгүйгээр 20 тэрбумыг олгох үүргийг 2017 оны зургадугаар сарын 23-нд Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд өгсөн байдаг.

Тэр дагуу Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гарсан гэсэн үг.

Энэ асуудалтай холбогдуулан Цагдаагаас шалгаж эхэлсэн. Ингэхдээ Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Гэвч Д.Баярсайхан бол тэр 20 тэрбумын зээлийг олгох ажлыг л гүйцэтгэсэн албан тушаалтан. Харин түүнийг олгохыг зөвшөөрсөн, чиглүүлсэн хүн нь Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн юм.

Тэгвэл бүүр цаад эзэн нь буюу 20 тэрбумын зээлийг авсан “Шинжиан шинфа” ХХК ямар нэг байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбогддог бололтой.

Учир нь Д.Баярсайханыг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл задарч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг нотолсны дараа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр муудалцсан байна. Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар явж байгаа мэдээллээс үзвэл Б.Чойжилсүрэн нь Ж.Мөнхбатдаа “Чамаас л боллоо. Чи энийгээ цэвэрлэ” гэж бухимдсан байгаа юм.

Харин БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК нь Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км автозамын концессын төслийг хэрэгжүүлсэн.

Мөн энэ компани 2012-2016 онд бондын хөрөнгөөр тавьсан замын ажлуудаас нэлээдийг авсан тухай яригддаг.

Юутай ч тухай үед ЗГХЭГ-ын дарга байсан Ж.Мөнхбат замыг нь засч, Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн зөвшөөрөл өгч, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан 20 тэрбум төгрөгийг “Шинжиан шинфа” ХХК-д өгчихсөн л үйлдэл юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир