“Асем вилла”-гийн газар асуудалтайг Улсын дээд шүүх тогтоолоо

2019-01-09

“Скай ресорт” компани Богдхан уулын тусгай хамгаалалттай газар буюу Хүрхрээгийн аманд 12 жилийн турш цанын бааз, амралтын цогцолборын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасны дагуу газрын төлбөр төлөөгүйг шүүхээс тогтоосон талаар “Зууны мэдээ” сонин өмнөх дугааруудаар хүргэсэн. Засгийн газрын гурван сайд хуулиар олгоогүй эрх эдэлж, гурван сайдын хамтарсан тушаалаар “Скай ресорт”-ыг газрын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасныг бас Улсын дээд шүүх хууль бус байна гэж үзсэн. 2007 оноос хойш газар ашиглах, хариуцан хамгаалах, хөрөнгө оруулалтын, хамтран ажиллах гэсэн хэд хэдэн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, “Мариотт” компани нь олон жилийн турш тусгай хамгаалалттай, дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн амыг дураараа эдэлсэн болж таарч байгаа юм. Угтаа энэ нь “Скай ресорт” цанын бааз нь Хүрхрээгийн амны газрыг хууль бусаар ашиглаж ирснийг шүүх тогтоосон юм. Үүний зэрэгцээ төлбөр төлөлгүй дархан цаазат газрыг ашиглаж буй газруудыг нь цуцлах эрх зүйн үндэслэл болох тухай мэдээллийг БОАЖЯ-ны албаны эх сурвалж бидэнд өгснийг мөн нийтэлсэн юм. Тэгвэл “Скай ресорт” компани нь энэ мэдээллийг гүтгэлэг гэж тодотгоод хэвлэлүүдэд мэдэгдэл нийтэлснийг бид олж үзлээ. Тэд “Өнгөрсөн хуга­цаанд төсөвт нийт ес орчим тэрбум төгрөгийн татвар шимтгэл, үүнээс 300 илүү сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна. Тус компани газрыг төлбөргүй ашиглаж байсныг шүүх тогтоосон ямар нэг шийдвэр огт гарч байгаагүй” гэжээ. Үгүй шүү.

Дахин хэлэхэд, “…“Мариотт” нь дархан цаазат 13.9 га газрын төлбөрийг төлөөд үлдсэн 131.8 га газрыг хариуцан хамгаалах гэдэг гэрээгээр халхавчлан үнэ төлбөргүй ашиглаж ирсэн. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Мариот” компанид газар ашиглах эсвэл газар эзэмших эрх үүсээгүй” гэж Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоосон юм.

Ер нь бол “Зууны мэдээ “ сонин “Мариотт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, толгой компани нь  ингэж “Цоордох” аргаар дан ганц тусгай хамгаалалттай, дархан цаазат газрыг  ашиглаагүй. Уул уурхайн чиглэлээр алт ухаж ашиг олдог бизнестээ ч энэ “Цоордох” аргаа хэрэглэдгийг бид судалж мэдсэн. Хэрэв “Цоордох” арга ашиглахгүй бол Монгол Улсын стратегийн орд ч болж мэдэхээр арвин баялагтай ордыг толгой компани нь ашиглаж байгаа юм. Удахгүй энэ талаарх нийтлэл мэдээллээ уншигчиддаа хүргэнэ.

Харин энэ удаа Богдхан уулын Хүрхрээгийн аманд байх “Мариотт” компанийн хариуцан хамгаалж байгаа гэх газрыг агаарын зургаас үзвэл тус компани нь тухайн хамгаа­лалтын гэх газартаа орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж, ашиглаж байгаа нь нотлогдож байна гэж шүүх үзсэн фактын талаар хөндөх гэж байна. Энэ нь одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулсан Ази, Европын өндөр төвшний уулзалтын зочин, төлөөлөгчдөд зориулан барьсан “АСЕМ Вилла” цогцолборыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дархан цаазат газарт тансаг зэрэглэлийн хотхон болгон босгосон “АСЕМ Вилла”-гийн газар асуудалд орсныг шүүх тогтоосон гэсэн үг.

Улс газраа авчихвал тэрбумын байшингуудын эзэд яах бол?

Газар эзэмших эрх нь эрхзүйн үндэслэлгүй нь батлагдчихсан “АСЕМ Вилла” цогцолбор хотхон үнэндээ агаар дээр барьсан хэдэн тансаг барилга болж хувирав. Газаргүй байшинг өндөр үнээр худалдан авсан хүмүүс энэ тухай мэдсэн болов уу. Хэрэв улс дархан цаазат газраа буцааж авах шийдвэр гаргавал тансаг байшингаа аваад нүүхээс аргагүй болох юм.

“АСЕМ Вилла” нь Баянзүрх дүүргийн XI дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богд хан уул, Хүрхрээгийн аманд 20832 м.кв талбайтай 53 ширхэг вилла, 2306 м.кв талбайтай нэг ширхэг клаб хаус бүхий, нийт 23.1 м.кв талбайг эзэлдэг.

“АСЕМ Вилла” цогцолборын газар “Марриотт” компанийн эзэмшилд байдаг ба газар ашиглах 2015/193 дугаартай гэрчилгээг 2015 оны долдугаар сарын 8-нд авсан. 2020 оны долдугаар сарын 8-ныг хүртэл дөрвөн га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ. Хэдийгээр “АСЕМ Вилла” хотхон нь газар эзэмших гэрчилгээтэй боловч “Мариотт” компанийн нийт 131.8 га газрыг хамарсан хариуцан хамгаална нэрээр хийсэн гэрээ нь эрхзүйн үндэслэлгүй, тухайн үед ийм шалтгаанаар газар өгсөн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Газрын тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэйг Дээд шүүхээс ийнхүү тогтоочихлоо. Тэгэхээр “АСЕМ Вилла”-гийн газрын гэрчилгээ хууль бус болж таарч байгаа юм.

Дээд төвшний уулзалтын зочин төлөөлөгчдийг байршуулчихаад дараа нь хувь хүмүүст худалдан борлуулсан 53 ширхэг барилга тэнд бий. Модерн загвараар хийсэн тус байшингуудыг хамгийн тансаг зэрэглэлд зориулж бүтээсэн. Уг хотхоныг “Белла виста”, “Будда виста” гэсэн тансаг зэрэглэлийн хотхонтойгоо адил виста брэндээр барьсан. 360-500 м.кв сонголттой, байшин бүр таван угаалгын өрөө, дөрвөн унтлагын өрөөтэй, гэр бүлийн, номын, үүдний, хоолны, гэ­рийн үйлчлэгчийн, ажлын өрөө гэсэн 20 гаруй хэсэгтэй гэж сурталчилж байв. Хажуудаа гольфийн талбайтай, дугуйн замтай гээд тансаг зэрэглэлийн хотхонг дагасан бүтээн байгуулалтуудыг хийсэн юм. Харин хамгийн чухал нь болох газрын асуудал ингэж үүсэхийг төдийлөн тоогоогүй бололтой.

“АСЕМ Вилла”-г ямар хөрөн­гөөр барьсан бэ гэдгийг яривал бас л асуудал үүснэ. Үндэсний аудитын газраас хийсэн “АСЕМ”-ын уулзалтын гүйцэтгэл, үр дүн сэ­дэвт аудитаар илэрсэн зөрчлийн нэлээдгүй хэсэг нь үүнд хамаарч байсан юм.

“Скай ресорт”-д олгосон зээлийн асуудлыг шалгаж байгаа

“АСЕМ”-ын дээд төвшний уул­залтын зочдыг байрлуулах зочид буудлуудад 150 тэрбум төг­рөгийн хөнгөлөлттэй зээл олгох санхүүжилтийг Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрээс ол­гох шийдвэрийг 2015 онд гарга­сан байдаг. Зургаан жил хүртэл хуга­цаатайгаар жилийн есөн ху­виас илүүгүй хүүтэйгээр, нэг зочид буудалд 30 тэрбум төгрөгөөс хэт­рэхгүй байхаар, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгосон. Энэ зээлийг нэр бүхий 17 компанид олгосон байтал илт давуу байдлаар буюу 125 тэрбумыг нь “Скай ресорт” компанийн “АСЕМ Вилла” цогцолборт олгох шийдвэрийг Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор гаргасан.

Улмаар “Скай ресорт” компани нь Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Үүнээс 60 тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай, 65 тэрбум төгрөгийг жилийн 11.5 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 249.4 тэрбум төгрөгийн балансын үнэтэй хөрөнгө, 53 ширхэг хаус болон хоёр давхар клуб хаусыг дэд бүтцийн хамт барьцаалсан байна. Тус компанийн Үндэсний аудитын газарт тайлагнаснаар өнгөрсөн оны гуравдугаар сарын 19-ний байдлаар 125 тэрбум төгрөгийн зээлийн хүүд 23.8 тэрбум төгрөг төлсөн ба 95.1 тэрбум үндсэн зээлийг төлөөгүй үлдэгдэлтэй байжээ.Зээлийг графикийн дагуу төлж байгааг эх сурвалж хэллээ. Харин энэхүү 17 зочид буудалд олгосон 233 тэрбум төгрөгийн асуудлыг аудитаас хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа. Зээлийн эргэн төлөлт хангалтгүй, хяналтгүй, үр дүнгүй гэсэн нийтлэг зөрчил байгааг тайланд дурдаад нийт асуудлаар нь ийнхүү хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТӨГС

2019.1.9 № 6 (5973)