“Алтандорнод Монгол”-ын 75 тэрбумын татварын “хэрэг”-ийг ТЕГ-аас 2013 онд ингэж шийдэж байжээ

2019-01-08

ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Алтандорнод монгол” ХХК-нд   холбогдох

210108 тоот актын тухай дараах шийдвэрийг гаргаж байжээ.

Уг тогтоолд “…Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг  Ж.Ганбат даргалж, Б.Ганбат, Ц.Цолмон, А.Энхболд, Б.Доржсэмбэд, Б.Эрдэнэбаатар, Ж.Мягмарцэрэн, С.Туул, нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй хуралдаанаар:

Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэмядаг, “Алтандорнод монгол” ХХК-ийн Хууль, эрх зүй хариуцсан дэд захирал Н.Цогтгэрэл, Санхүү эрхэлсэн дэд захирал Ч.Сайнсанаа  нарыг  оролцуулан  Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэмядаг, татварын улсын байцаагч Ц.Сарантуяа нарын   “Алтандорнод монгол” ХХК -ын  210108 тоот акттай  холбоотой гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч С.Төгсжаргал, Л.Мөнхтуул нарын магадлан шалгаж, танилцуулснаар  2012 оны 12 сарын 28-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн.

 

Татварын ерөнхий газрын  даргаас 2013 оны 02 сарын 15 ны өдөр “Алтандорнод Монгол” ХХК-д  холбогдох Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 69 тоот тогтоолыг баталгаажуулах үндэслэлгүй гэсэн тайлбарыг  1/407 тоот албан бичгээр ирүүлснийг Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд  заасын дагуу зөвлөлийн дарга  Ж.Ганбат, гишүүд  Ц.Цолмон, Э.Хангай , А.Энхболд, Э.Батбаяр, Б.Бадрал, Б.Болормаа, С.Туул, З.Минжирмаа,  Г.Алтанзаяа  нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр 2013 оны 03 сарын 06-ны өдөр дахин хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Татварын ерөнхий газрын даргын  2013 оны 02 сарын 15 ны өдрийн  1/407 тоот Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг  буцаах  тухай  албан бичигт:

 

“Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар “Алтандорнод монгол” ХХК-д холбогдох 210108  дугаартай актыг татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцээд гаргасан 69 дугаартай тогтоол болон дээрх актыг бичсэн татварын албадаас гаргасан гомдолтой танилцаад дараах байдлуудыг дахин шалган магадлах шаардлагатай байна.

  1. Маргаан таслах зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаар тогтоолийн үндэслэх хэсгийн 1-д “Алтандорнод монгол” ХХК-ийн 2008 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсээс шалган 2009 оны 4 дүгаар сарын 20 ны өдрийн татварын улсын байцаагчийн 300916 тоот актаар 61,897,094.1 мянган төгрөгийн ЗБҮӨАТ, ХХОАТ, ААНОАТ, ҮХЭХАТ-ийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 75,325,324.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйл, мөн хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд торгууль, алданги тооцсоныг буруу гэж үзсэн татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй байна”, гэсэн нь 2011 оны 12 дугаар сарын 09 ны өдрийн татварын улсын байцаагчийн 210108 тоот актын талаар хэлэлцээгүй,  харин өмнөх актын төлбөрийн талаар хэлэлцсэн байгаа нь ойлгомжгүй байгаа тул үүнийг дахин магадлах.
  2. Татварын улсын байцаагчийн 210108 тоот акт 2011 оны 12 дугаар сарын 09 нд тогтоогдсон байхад:

а/ 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газар, “Алтандорнод монгол” ХХК-ны хооронд байгуулсан “Татварын өр барагдуулах гэрээ”-ээр төлөх ёстой татварын өр, төлбөрийн талаар талууд харилцан тохиролцож, уг асуудлаар дахин маргахгүй байхаар хэлэлцсэнийг үндэслэн татварын улсын байцаагчийн 210108 тоот акт нь дээрхи гэрээгээр тохиролцсон актыг зөрчин хариуцлага тооцсон;

б/ Монгол улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан шударга ёсны зарчим, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “төрийн хяналт шалгалт хийхэд дараах зарчмыг баримтална: 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг зөрчсөн гэж үзэж цаг хугацааны асуудлыг авч үзээгүйгээр татварын улсын байцаагчийн актыг Маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр  байна гэж үзэж байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсгийг үндэслэл болгож  ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзэж буцаав” гэсэн байна.

 

“Алтандорнод монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдын 2012 оны 01 сарын 09-нд тус зөвлөлд гаргасан:

Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагч Н.Эрдэнэмядаг, Ц.Сарантуяа нар “Алтандорнод монгол” ХХК-ийн 2009 оноос 2010 он дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, 2011 оны 12 сарын 09-ны өдрийн 210108 дугаартай татварын улсын байцаагчийн акт гарган манай компанид хүргүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн үүрэгээ биелүүлж, татварын байцаагчдын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа хуулийн мөн зүйлийн 18.1.5 дахь заалтыг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 395/01 дугаартай бичгээр ТЕГ-ын УТОХГ-т өгсөн болно.

Гэтэл УТОХГ нь маргааныг Татварын маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэх байр суурь баримталж байгаа тул ТЕХ-ийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь зааль, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн үндэслэн энэнхүү гомдлыг гаргаж байна.

Дараах үндэслэлээр татварын улсын байцаагчдын 210108 дугаартай акт үндэслэлгүй ба хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

  1. Тус компанийн 2008 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0300916 дугаартай татварын улсын байцаагчдын актанд гомдол гаргасан бөгөөд энэ нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тайлангын үлдэгдэл дээр нэмж акт тавьсан нь буруу. Учир нь татварын байцаагчдаас Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээг Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын дагуу хоног тутамд 0,06 хувиар тооцож 2009 оны эхний хагасын Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ба Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан алдангийн тооцоонд баримталсан нь хууль бус юм. Засгийн газрын 2009 оны 21 дүгээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн № 18 /591/ дугаарт албан ёсоор нийтлэгдсэн байх бөгөөд хуульд зааснаар хэвлэн нийтлэгдсэнээс хойш 10 хоног өнгөрснөөр буюу Засгийн газрын 2009 оны 21 дүгээр тогтоол 2009 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хүчин төгөлдөр болжээ.

Зөвхөн үүнд үндэслэж тооцоход Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан алданги 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 3,115,264,047 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүйд 11,721,040 төгрөгийн хууль бус алданги тус тус нэмж бодсон байна.

  1. “Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын Засгийн газарт холбогдох Арбитрын хэргийн шийдвэр 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан бөгөөд арбитрын шийдвэр гартал урьдчилсан байдлаар тайлагнасан байсан “Алтандорнод монгол” ХХК-ийн 2006 ба 2007 оны санхүүгийн тайланг залруулж байж 2008, 2009 , 2010 оны санхүүгийн тайланг үнэн зөв гаргах шаардлага байсаар байтал 2006, 2007 ба 2008 оны санхүүгийн ба татварын тайланд үндэслэн 2009 ба 2010 оны татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж акт үйлдэх нь татвар, хүү, торгууль ба алдангийн хэмжээг буруу тогтооход хүргэнэ.
  2. Түүнчлэн “Алтандорнод монгол” ХХК ба Монголбанк хоорондын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Үнэт металл хадгалах, худалдах, худалдан авах” гэрээний талаар эрх зүйн дүгнэлт өгөх, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монголбанкны хийсэн алтны тушаалтын тооцооны талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэж байж 2007 оны санхүү, татварын тайлан залруулагдах, өөрчлөгдөх учиртай.
  3. “Алтандорнод монгол” ХХК болон “Бумбат” ХХК-уудын хооронд байгуулсан барьцааны зүйлсийг худалдах-худалдан авах БХ/01, БХ/02 тоот гэрээнүүдэд гарын үсэг зурсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд нягтлан бодогч гарын үсэг зураагүй байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
  4. Түүнчлэн БХ/01, БХ/02 тоот гэрээнүүд хэрэгжээгүй бөгөөд гэрээгээр “Алтандорнод монгол” ХХК-аас “Бумбат” ХХК-д шилжүүлэхээр тохирсон ашигт малтмалын ашиглалтын ба хайгуулын тусгай зөвшөөрлүүд одоо хүртэл “Алтандорнод монгол” ХХК –ийн эзэмшилд бүртгэлтэй байна.
  5. Алтны үнийн өсөлтийн албан татварын 2007 оны 12 сарын тайлан дээр үндэсний татварын алба ба “Алтандорнод монгол” ХХК-ууд тохиролцоогүй. Татвар төлөгч “Алтандорнод монгол” ХХК нь 31,410,764,960 төгрөгийн татварыг тодорхойлсон байтал Үндэсний татварын алба 31,521,517,600 төгрөг болгон өөрчилсөн нь 110,752,640 төгрөгийн үндэслэлгүй татварыг нэмсэн байна. Энэ тухай тус компаний 2007 оны 12 сарын 27-ны өдрийн 1614/03 дугаартай бичгээр ТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газарт урьдчилан мэдэгдсээр байтал хайхарч үзээгүй байна.
  6. Түүнчлэн тус компани нь 2007 оны 08 сарын 07-ны өдрийн татварын улсын байцаагчдын 210906 дугаартай актын дагуу 2007 оны 12 сарын 12-ны өдөр 7,672,000,000 төгрөг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварт, 743,000,000 төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тус тус төлсөн бөгөөд эдгээрийг Голомт банкнаас зээл авч төлсөн юм. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэг, 60.3.2-т заасныг баримтлан тооцооллыг нэмж хийх хэрэгтэй.
  7. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт 52,445,522,800 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйд 2009 ба 2010 онуудын нийлбэрээр 104,891,045,600 төгрөгийн зөрчил гаргасан гээд зөрчлийн нийт дүнг 11,129,993,500 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2009 ба 2010 онуудын ЗБҮӨАТ-ын хугацаандаа төлөөгүй үлдэгдэл нь 2006-2008 онуудад үүссэн татвар бөгөөд ЗБҮӨАТ-ыг 2006,2007 онуудад давхардуулан төлсөн байх тул залруулга хийж, дахин тооцоолж байж бодит үлдэгдэлийн хэмжээг тодорхойлох ёстой. Энэ тухай тус компани 2012 оны 01 сарын 06-ны өдрийн 404/01 дугаартай албан бичгийг ТЕГ-ын дарга Б.Баттөмөрт явуулсан болно.
  8. Дээр дурдсан хугацаанд нь төлөөгүй 52,455,522,800 төгрөгийн ЗБҮӨАТ-т 34,404,263,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь Татварын ерөнхий хуульд заасан хэмжээнээс их байгаа тул багасгах шаардлагатай гэж үзэж байна. ТЕХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан 30 хувийн хэмжээ нь торгуулийн дээд хэмжээ юм. Учир нь ноцтой зөрчилд тооцож буй торгуулийн дээд хэмжээ нь татвараа тайлагнасан этгээдэд ногдуулж байгаа хэмжээнээс илүү байж болохгүй.
  9. Тус компанийн хуучин захирал С.В.Паушокт татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа компанийн үйл ажиллагааг 2009,2010 ба 2011 оны эхний хагаст зогсоосон нь татвар төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байдалд оруулсан. Энэ байдлыг харгалзан үзээд татварын торгууль ба алдангиас чөлөөлөх ёстой гэж үзэж байна.

Иймд илүү тодорхойлсон татварын тайланд залруулга хийх, илүү төлсөн татварыг буцаан авах буюу үнэн зөвөөр суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах зэрэг татвар төлөгчийн эрхээ эдлэх шаардлагын үүднээс 2011 оны 12 сарын 09-ний өдөр 210108 дугаартай татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн зэрэгцээ энэхүү акт үндэслэлгүй ба хуульд нийцэхгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд манай компанийн төлөөлөгчид өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байгаа тул хурал хэзээ, хаана болох товыг бидэнд мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ үү гэсэн гомдол

Мөн тус компанийн 2012 оны 12 сарын 26-нд нэмэлт байдлаар гаргасан:

Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагч Н.Эрдэнэмядаг, Ц.Сарантуяа нар “Алтандорнод Монгол” ХХК-ийн 2009, 2010 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж 2011.12.09-ны өдрийн 210108 дугаартай татварын улсын байцаагчийн акт гаргасныг манай компани эс хүлээн зөвшөөрч өмнө нь 2012.01.09-ний өдрийн 410/01 тоотоор хариу тайлбар, гомдол гаргасан билээ.

Гэвч энэхүү хариу тайлбар, гомдол гарсанаас хойш жилийн хугацаанд компанийн татварын өр төлбөр, түүний төлөлт, компанийн үйл ажиллагаатай холбоотой Олон улсын арбитрын шүүх, Монгол улсын шүүх, Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газраас эрх зүйн үр дагавар бүхий шинэ тогтоол, шийдвэр, албан тоотууд гарч, гэрээ хэлцэл байгуулагдаж шинэ нөхцөл байдал үүссэн тул нэмэлт нотлох баримтуудыг холбогдох тайлбаруудын хамт хүргүүлж, тавигдсан татварын актуудыг хүчингүй болгуулах хүсэлтийг хүргүүлж байна. Үүнд:

НЭГ.  Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр компанийн үйл ажиллагааг хязгаарлах, битүүмжлэх, татварын хүү, торгууль алданги тооцохыг хориглосон болох тухай:

Татварын улсын байцаагчдын тавьсан акт нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн үйлдэл болсон байна.

“Алтандорнод Монгол” ХХК нь Монгол улсын УИХ-аас баталсан 2006 оны “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-иар алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувиар албан татвар ногдуулсан нь Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээг зөрчсөн гэж үзэж, НҮБ-ын ОУ-н  Худалдааны Хуулийн Комиссын дүрмийн дагуу Олон улсын Арбитрт Монгол улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 оны 11-р сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн дагуу арбитрийн шүүх Монгол улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан бөгөөд 2008 оны 3 сарын 23-ны өдөр Арбитрийн шүүхээс “Түр түдгэлзүүлэх тухай захирамж”-ыг батлан гаргасан. Уг захирамжаар хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар “Алтандорнод Монгол” ХХК-ийн хөрөнгийг ямар нэгэн байдлаар хураах, битүүмжлэхийг хориглож, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхийг Монгол улсын Засгийн газарт үүрэг болгосон. Нөгөө талаар манай компани өөрийн хөрөнгө, мөнгөө гадаад улс руу гаргахгүй, бусдад шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн.

Мөн 2008 оны 9 сарын 02-ны өдөр ОУ-ын Арбитрийн шүүх “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах түр арга хэмжээний тухай тогтоол”-ыг батлан гаргаж, Олон улсын арбитрийн шүүхийн ЮНИСЕТРАЛ-ын дүрмийн 26-р зүйлд нийцүүлэн уг тогтоолын 1-р зүйлд зааснаар “Нэхэмжлэгчийн татвараас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Арбитрийн шүүх хянан шийдвэрлэх хүртэл “Алтандорнод Монгол” ХХК-ийн төлвөл зохих Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын төлбөрийг (хүү, алдангийг оролцуулан) түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.  /Арбитрын шүүхийн шийдвэрийг хавсаргав. Хавсралт-1/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын 2008.03.28-ны өдрийн 01/1044 тоотоор ҮТЕГ-ын дарга Л.Зоригтод хандан арбитрын шүүхийн дээр дурьдсан шийдвэрийг сахиж ажиллахыг мэдэгдэж байжээ. /Албан тоотыг хавсаргав. Хавсралт-2/

Монгол Улс нь НҮБ-аас 1958 онд гаргасан “Гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенци”-д 1959 онд нэгдэн орж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн ба “Татварын ерөнхий хууль”-ийн 2.2.-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан тул татварын улсын байцаагчид нь арбитрын шүүхийн шийдвэрийг зөрчин Татварын ерөнхий хуулийг баримтлан хүү, алданги, торгуулийн акт ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Арбитрын шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж 2011 оны 4-р сарын 28-ны өдөр шийдвэр гарсан тул арбитрын шүүхийн урьдчилсан арга хэмжээг авсан шийдвэрүүд нь татварын байцаагчдын шалгасан 2009 ба 2010 оныг бүхэлд нь хамарч байгаа юм. Өөрөөр хэлбэл арбитрын шүүхийн шийдвэрээр татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байсан.

 

ХОЁР. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу талууд татварын өр төлбөрийн талаар харилцан тохирч эвлэрсэн тухай:

ОУ-ын Арбитрын шүүхийн шийдвэрийн дараа Засгийн газраас манай компанид холбогдох татварын болон бусад өр, төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг хэд хэдэн удаа авч хэлэлцээд Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээг байгуулж, гэрээг Шүүхэд эвлэрлээр баталгаажуулж, татварын өр, төлбөрийн асуудлаар дахин маргахгүйгээр харилцан тохиролцож шийдвэрлэжээ.

ОУ-ын Арбитрын шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж Засгийн газрын 2011 оны 6-р сарын 10-ны өдрийн хурлаар “Алтандорнод Монгол” ХХК-ид холбогдох их хэмжээний татварын өр төлбөр, бусдад учруулсан хохирол, байгаль орчинд учруулсан хохирлын асуудлын талаар хэлэлцэж, энэ асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн удирдлагаар хангах Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсгийг томилсон юм. /Засгийн газрын 2011.06.10-ны 186 дугаар тогтоол. Хавсралт-3/

Ажлын хэсэг ажиллах хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигчид 2011 оны 9-р сард өөрчлөгдөж Монгол улсын иргэн Т.Ганболд компанийн шинэ өмчлөгч болсон ба удирдлагын шинэ баг эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээ хийж, ихээхэн хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийж, санхүүжилт авсны үндсэн дээр компанийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулж, хуримтлагдсан өр, төлбөрийг төлж барагдуулах боломжтой гэж үзсэн учир гэрээ байгуулан өрийг төлж, барагдуулах санал хүсэлтээ Засгийн газрын Ажлын хэсэг, ТЕГ-т хандан гаргасан.

Ажлын хэсгээс судалгаа хийхэд “Алтандорнод Монгол” ХХК-ийн эд хөрөнгүүд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжилж олон жил болсны улмаас элэгдэж муудсан, тоногдсон, үнэ цэнэтэй гол чухал уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгүүд, эд хөрөнгийн эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь дотоод ба гадаадын банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан тул төлбөр төлөгчийг дампууруулж, эд хөрөнгө борлуулснаас олох орлого нь хуримтлагдсан татварын өр  төлбөр болон бусад иргэд, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй эрсдэлд /Татварын өр төлбөр барагдуулах гэрээний 1.8 дахь заалт/ оруулахаар байсан.

Иймээс тус компанийн үйл ажиллагааг нь сэргээн явуулснаас олох орлогоос хуримтлагдсан татварын өрийг тодорхой хуваарь гарган барагдуулах нь үүссэн татварын өрийг эрсдэлгүй болгох цаашид татварын үндсэн бааз суурийг нэмэгдүүлэх, ажлын байрыг сэргээх, шинээр буй болгох давуу талтай байсан юм./Гэрээний 1.9 дахь заалт/

Ингээд Ажлын хэсгийн тайланг авч хэлэлцсэн Засгийн газрын 2011 оны 11-р сарын 30-ны өдрийн хурлаар “Алтандорнод Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг нь сэргээж, татварын өрийг барагдуулах гэрээг одоогийн удирдлагатай нь байгуулах чиг үүрэг өгсөн юм. /Засгийн газрын 2011 оны 11-р сарын 30-ны өдрийн хуралдааны 56-р тэмдэглэл Хавсралт-4/

Энэ дагуу “Алтандорнод Монгол” ХХК болон Засгийн газрын Ажлын хэсэг, Татварын ерөнхий газар эвлэрлийн “Татварын өр төлбөрийг барагдуулах гэрээ №06/12”-г /Цаашид “Гэрээ” гэх. Хавсралт-5/ 2012 оны 03-р сарын 15-ны өдөр байгуулж, Ажлын хэсгийн ахлагч баталгаажуулж, БГД-ийн Шүүхийн шүүгчийн 2012.04.06-ны өдрийн 674 дүгээр захирамжаар Зохигчийн эвлэрлийг баталсан. /Шүүгчийн захирамж. Хавсралт-6/

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийн 2012.04.02-ны өдрийн “Эвлэрлийг баталгаажуулах тухай” БГД шүүхэд явуулсан 1/784 тоот албан бичигт талууд татварын өр төлбөрийн талаар харилцан тохирч, хүлээн зөвшөөрч гэрээ /эвлэрэл/ байгуулсан талаар тодорхой дурьджээ. /Албан тоот. Хавсралт-7/

Энэхүү гэрээгээр нийт 73,8 тэрбум төгрөгийн татварын өр төлбөр барагдуулахаар тохирсон бөгөөд үүний 65,3 тэрбум төгрөг нь НӨАТ, ЗБҮӨАТ, ААНОАТ-ийн татварын үндсэн өр бөгөөд 8,5 тэрбум төгрөг нь хүү, торгууль, алдангийн өр юм. /Хавсралт-9/

Ажлын хэсэг татварын өр төлбөрийг барагдуулах гэрээ болон түүний явцын талаархи тайлан, дүгнэлтээ Засгийн газрын 2012 оны 4-р сарын 4-ний өдрийн хуралд оруулж танилцуулсан бөгөөд Засгийн газрын хурлаас Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг дэмжсэн байна. /Засгийн газрын 2012.04.04-ний өдрийн  22 дугаар тэмдэглэл, Хавсралт-8/

 

ГУРАВ. Гэрээгээр татварын өр, төлбөрийг шийдвэрлэсэн тухай

Гэрээний 4.1.-д“Энэ гэрээнд гарын үсэг зурах үед Төлбөр төлөгчийн төлөх татварын хуримтлагдсан өр, төлбөрийн хэмжээ 73,875,466.1 мянган төгрөг болохыг талууд тодорхойлж байна.” гэж компаниас төлөх татварын өр, төлбөрийн нийт дүнг гэрээ байгуулах өдрөөр буюу 2012.03.15-ны өдрөөр (Татварын акт нь 2011 онд тавигдсан)  маш тодорхой тодорхойлсон.

Гэрээний 4.2.-т “Энэ зүйлийн 1-д заасан татварын өрийн хэмжээтэй холбогдох асуудлаар талуудад маргаан байхгүй ба хэрэв Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ асуудлаар талууд шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахгүй байх үүрэг хүлээнэ.”

Гэрээний 1.10-т “Энэхүү Гэрээний нөхцөл, хугацааны хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон хуримтлагдсан Татварын өрийн хэмжээ нь талуудын зүгээс бүрэн харилцан хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд аль ч талаас энэхүү өрийн хэмжээний талаар маргахгүй, шүүх, арбитр, эрх бүхий бусад байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргахгүй  байх үүрэг хүлээнэ.” гэжээ.

Гэрээгээр талуудын хооронд үүссэн аливаа татварын тоо хэмжээ болон төлөх эсэх  маргаантай асуудлаа нэг мөр болгон шийдвэрлэж, цаашид энэ асуудлаар маргахгүй болохоо талууд хүлээн зөвшөөрч үүнийгээ шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Дээрхээс дүгнэхэд “Алтандорнод Монгол” ХХК-д холбогдох татварын хуримтлагдсан их хэмжээний өр, төлбөр түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар төлбөр төлөгч “Алтандорнод Монгол” ХХК болон ТЕГ, Сангийн яам, Засгийн газрын ажлын хэсэг, Засгийн газрын түвшинд хэд хэдэн удаа авч хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд төрийн захиргааны дээд шатны байгууллага болох Засгийн газраас тодорхой чиг үүргийг ТЕГ, Ажлын хэсэгт өгч манай компаниас төлөх татварын өрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/-ийн 74-р зүйлийн дагуу эвлэрэн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

Хэрэв нэгэнт гэрээгээр тохирсон татварын өрийн асуудлаар төлбөр авагч талаас маргаан үүсгэсэн тохиолдолд маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд гэрээний дагуу төлөгдөх татварын төлбөр зогсох бөгөөд энэ нь талуудын аль, хэнд нь үр ашиггүй юм.  Нөгөө талаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн тул талууд ИХШХШТХ-ийн 74.4 заасны дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй билээ.

 

ДӨРӨВ. Татварын актаар тавигдсан торгууль, алданги нь Татварын өр, төлбөрийг барагдуулах эвлэрлийн гэрээгээр тохирсон татварын үндсэн өрөнд хамаарах тухай:

Татварын улсын байцаагчийн 2011.12.09-ны өдрийн 210108 дугаартай актаар компани 2009, 2010 оны НӨАТ, ЗБҮӨАТ, ААНОАТ-ыг хугацаанд нь төлөөгүй гэж 35.3 тэрбум төгрөгийн торгууль, 21,2 тэрбум төгрөгийн алданги, нийт 56,6 тэрбум төгрөгийн төлбөр тавьсан нь  “Алтандорнод Монгол” ХХК болон Засгийн газрын Ажлын хэсэг, Татварын ерөнхий газар  2012.03.15-ны өдөр байгуулсан Татварын өр төлбөрийг барагдуулах эвлэрлийн гэрээгээр төлөхөөр тохирсон 65,3 тэрбум төгрөгийн НӨАТ, ЗБҮӨАТ, ААНОАТ-ийн татварын үндсэн өрийг хугацаанд нь төлөөгүй гэж тооцсон торгууль, алдангийн төлбөр юм. /Татварын албанаас гаргасан мэдээ болон татварын актын хавсралт тооцоо. Хавсралт-9/

Гэрээгээр “Алтандорнод Монгол” ХХК нь 8,5 тэрбум төгрөгийн хүү, торгууль, алданги төлөхөөр тохирсон бөгөөд үүнээс өөр торгууль, алданги төлөхөөр Гэрээ болон БГД-ийн шүүхийн шүүгчийн 2012 оны 674 дүгээр захирамжинд заагдаагүй билээ. /Шүүхийн 674-р захирамж/

Өөрөөр хэлбэл талууд татварын үндсэн өр, түүнд төлөх торгууль, алдангийн хэмжээг татварын акт тавигдсанаас хойш 3 сарын дараа шүүх дээр тохирч, эцэслэн шийдвэрлэсэн.

 

 ТАВ. Татварын өр, төлбөрийг албадан хураах хууль, хяналтын байгууллагын албадлагын үйл ажиллагаа явагдаж байсан, компанийн үйл ажиллагааг зогсоосон, мөн шүүхэд компанийг дампууруулах нэхэмжлэл гаргаж, дампууруулах хэрэг үүсгэсэн байхад  татварын актаар төлбөр ногдуулсан тухай:   

“Алтандорнод Монгол” ХХК-ийн татварын өр төлбөр, барагдуулалтын маргаанаас үүссэн иргэний болон эрүүгийн хэргийн шүүх, хууль хяналтын байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, хөрөнгийн болон эрхийн хязгаарлалт, битүүмжлэл, хөрөнгө хураах, дансны гүйлгээг зогсоох зэрэг албадлагын үйл ажиллагаа 2008 оны 11-р сараас эхэлж, энэхүү үйл ажиллагаа нь 2012 оны 4-5-р сар хүртэл үргэлжилсэн.  Гэтэл хууль, хяналт, хүчний байгууллага, ТЕГ өөрөө татварын өр төлбөрийг барагдуулах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж байхдаа 2011.12.09-ны өдрийн 210108 дугаартай татварын актаар татварын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй хэмээн их хэмжээний торгууль, алданги тооцсон нь үндэслэлгүй байна. Тухайлбал:

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2008.11.27-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 1268 тоот захирамжаар тус шүүхийн 254-р шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэрлэж, энэ дагуу 2008.12.02-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар компанийн эд хөрөнгийг битүүмжилж, эрхийг хязгаарлан, бүх банкны дансны зарлагын гүйлгээг зогсоосон байна. /Тогтоол шийдвэрүүдийг хавсаргав Хавсралт-10/

Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй байхад УМБГ-аас 2009.04.08-ны өдөр 20947101 дугаартай 56.9 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, шүүхийн шийдвэр, магадлалыг зориуд биелүүлээгүй гэсэн үндэслэлээр компанийн хуучин удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр компанийн бүх хөрөнгийг битүүмжилж, банкны бүх дансны зарлагын гүйлгээг хааж, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.  Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010.04.15-ны өдрийн 191 дүгээр тушаалаар компанийн техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн баазыг Дотоодын цэргийн хамгаалалтад авч, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.  Энэхүү эрүүгийн хэрэг нь Нийслэлийн прокурорын газрын 2011.05.17-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /Тогтоол шийдвэрүүдийг хавсаргав. Хавсралт-11/

Эрүүгийн хэрэг хүчингүй болсноос хойш 6 сарын дараа “Алтандорнод Монгол” ХХК-ийн татварын болон бусдад төлөх өр, төлбөр төлөгдөхгүй удсанаас ихээхэн хуримтлагдаж, төлбөрийн чадварын хувьд эргэлзээтэй байдалд хүрсэн, төлбөр нэхэмжлэгчид удаа дараа татварын өр, төлбөр, банкны зээлийг төлүүлэхээр шаардсан боловч төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр Татварын Ерөнхий Газар, Анод банк, Зоос банк хамтран “Алтандорнод Монгол” ХХК-ийг дампууруулах нэхэмжлэлийг 2010.11.19-ний өдөр БГД-ийн шүүхэд гаргаж, 2010.11.24-ний өдөр тус дүүргийн шүүгчийн 7167 дугаар захирамжаар Дампуурлын хэрэг үүсгэсэн байна. Дампуурлын хэрэг үүсгэсэнтэй холбогдуулж БГД-ийн шүүхийн шүүгчийн 2011.06.02-ны өдрийн 3600 дугаар захирамжаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дахин компанийн эд хөрөнгийг битүүмжилж, эрхийг хязгаарлан, бүх банкны дансны зарлагын гүйлгээг зогсоон байна.  /Тогтоол шийдвэрүүдийг хавсаргав. Хавсралт-12/ Гэвч дампуурлын хэрэг үүсээд шүүхэд хянагдаж байх үед татварын улсын байцаагчид 2011.12.09-ны өдрийн 210108 дугаартай татварын актаар татварын их хэмжээний төлбөр ногдуулсан нь “Дампуурлын тухай хууль”-ийн 21-р зүйл буюу Нэхэмжлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх журмын 21.1.1 дэх “хариуцагчийн хувиарлагдах эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах…” заалтыг зөрчжээ.  Өөрөөр хэлбэл шүүхэд дампуурлын хэрэг үүсгүүлээд, төлбөрийн нэхэмжлэлээ тодорхойлж гаргасан мөртлөө, бусад нэхэмжлэгчдийн эрх ашгийг зөрчин үндэслэлгүйгээр авах төлбөрөө өсгөн нэмэгдүүлсэн байна.

Эндээс дүгнэхэд “Алтандорнод Монгол” ХХК нь 2009, 2010, 2011 онд үйл ажиллагаа явуулах, улмаар ашиг орлого олж татварын өр төлбөрийг төлж барагдуулах ямарч бодит боломж бололцоо байхгүй байсан бөгөөд татварын өр төлбөрийг төлүүлэх албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлж байхдаа тэрхүү татварын өр төлбөртөө үндэслэлгүйгээр торгууль, алданги ногдуулж акт тавьсан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байна.

 

 ЗУРГАА. “Бумбат” ХХК болон “Кипрстар” ХХК-тай 2009.12.11-нд байгуулсан “Барьцааны зүйлсийг худалдах, худалдан авах гэрээ” нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: 

“Алтандорнод Монгол” ХХК-ийн өмнөх удирдлага “Бумбат” ХХК болон “Кипрстар” ХХК-тай 2009.12.11-нд байгуулсан “Барьцааны зүйлсийг худалдах, худалдан авах гэрээ”-гээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, машин механизм худалдах гэж байсан нь холбогдох хууль, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байжээ.  Энэхүү гэрээ доорхи шүүхийн шийдвэр, хуулийг зөрчжээ.  Үүнд:

ОУ-ын Арбитрийн шүүхээс гаргасан 2008 оны 3 сарын 23-ны өдрийн Арбитрийн “Түр түдгэлзүүлэх тухай захирамж”, 2008 оны 9 сарын 02-ны өдр “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах түр арга хэмжээний тухай тогтоол”;

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 254-р шийдвэрийг албадан биелүүлэх 2008.11.27-ны өдрийн 1268 тоот захирамжаар 2008.12.02-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар компанийн эд хөрөнгийг битүүмжилж, эрхийг хязгаарласан тогтоол, шийдвэрүүд;

УМБГ-аас 2009.04.08-ны өдөр 20947101 дугаартай эрүүгийн хэргийн дагуу, Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр компанийн бүх хөрөнгө, тусгай зөвшөөрлийг битүүмжилж, хязгаарласан тогтоол, шийдвэрүүд;

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалт “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;” зэргийг тус тус зөрчжээ.

Нэгэнт энэхүү хэлцэл нь хууль, журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан тул Голомт банкнаас 2012.01.09-ны өдрийн 04/11 тоотоор гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон машин техникүүд нь “Алтандорнод Монгол” ХХК-ийн өмчлөлд, Голомт банкны барьцаанд хэвээр байгаа болохыг тодорхойлсон болно. /Албан тоотыг хавсаргав. Хавсралт-13/

Компанийн шинэ удирдлагын зүгээс энэхүү хэлцэл болон түүний бүртгэл, тайлагнал нь эрх зүйн үндэслэлгүй буруу хийгдсэн болохыг тодорхойлж, санхүүгийн тайлан тэнцэлд зохих буцаах бичилт хийж залруулга оруулах, энэ талаар дүгнэлт гарган зөвлөмж өгөх хүсэлтийг Татварын ерөнхий газарт хандан 2011.10.11 өдрийн 265/01 тоотоор /Татварын акт гарахаас 2 сарын өмнө/ гаргасан билээ. /Албан тоотыг хавсаргав. Хавсралт-14/

 

ДОЛОО. Гэрээний дагуу татварын болон бусад өр, төлбөр барагдуулалтын тухай:

“Алтандорнод Монгол” ХХК-ийн удирдлагын шинэ баг компанид ихээхэн хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийг энэ оны 5-р сараас эхлэн сэргээн ажиллуулж эхэлсэн.   Хэдийгээр “Алтандорнод Монгол” ХХК-ийн өнгөрсөн 6 сарын хугацаанд олсон орлого нь гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан өр төлбөрүүдийг барагдуулахад хангалтгүй байсан боловч компанийн удирдлага гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан санхүүжилт, бусад компаниудынхаа орлогыг өр, төлбөр барагдуулах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх, компанийн үйл ажилллагааг тогтворжуулж сэргээхэд дайчлан ажилласны хүчинд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. /Өр барагдуулалтын тооцоог хавсаргав. Хавсралт-15/.Үүнд:

“Алтандорнод Монгол” ХХК болон хамаарал бүхий “Бумбат” ХХК, “Востокнефтегаз” ХХК-иудын нийт 22,9 тэрбум төгрөгийн улсын төсөв, иргэд, аж ахуйн нэгж, банкинд үүсгэсэн өрийг төлсөн ба үүнээс 9,7 тэрбум төгрөг нь улсын төсөвт төлсөн татварын өр юм. “Бумбат” ХХК, “Востокнефтегаз” ХХК болон Нийслэлийн татварын өрүүдийг бүрэн төлж дуусгасан. Мөн Төрийн банк/Зоос банк/-ны 2.9 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан.

Мөн сүүлийн 6 сард нийт 152,2 га талбайд байгаль орчны техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж, түүнд 2.3 тэрбум төгрөг зарцууллаа.

Нийт 710 гаруй ажиллагсдын ажлын байрыг сэргээсэн бөгөөд үүний 98% нь Монгол ажилчид байна. Цаашид нэмж 300 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ.

Компанийн хувьд бүхий л боломж бололцоогоо өмнөх удирдлагын үед үүссэн улсын төсвийн өр, төлбөрүүдийг төлж барагдуулахад зориулан ажиллаж байгаа бөгөөд зөвхөн компанийн үйлдвэрлэлийн орлогоор хязгаарлагдахгүйгээр өрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулахын тулд компанитай холбогдох авлагуудыг олж цуглуулах, үйлдвэрлэлд онцын ашиглалтгүй эд хөрөнгийг худалдан борлуулах, шилжүүлэх асуудлуудад анхаарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллаж байна.

Компани нь зөвхөн улсын төсөвт төлөх татварын өр, төлбөрөөс гадна шүүхийн шийдвэртэй арилжааны банкны зээлийн өр 110 тэрбум төгрөг, харилцагч аж ахуйн нэгжийн өр 24 тэрбум төгрөг, иргэд ажилчдын цалингийн 4.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын 1,2 тэрбум төгрөг болон байгаль орчны 1000 орчим га талбайд нөхөн сэргээлт хийх зэрэг олон өр төлбөр, үүргийг хуваарийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн алба болон банкуудад төлж байгаа билээ.

Хэрэв татварын өрийг Гэрээгээр тохирсон 73,8 тэрбум төгрөгөөс илүүгээр өсгөн нэмэгдүүлэх нөхцөлд компани нь өр, төлбөрүүдийг барагдуулах эдийн засгийн болоод бизнесийн хувьд ямар бодит боломж байхгүй бөгөөд дампуурах нөхцөл байдалдаа эргэн орох юм.  Энэ нь төлбөр авагч, төлбөр төлөгч болон банкны санхүүгийн секторт аль, хэнд нь сөргөөр нөлөөлж, үр ашиггүй алдагдалтай нөхцөлд байдалд хүргэх билээ.

ХҮСЭЛТ:   Дээр дурьдсан манай компаниас гаргаж байгаа тайлбар, үндэслэл, холбогдох нотолгоо болон манай компаниас өмнөх удирдлагын үед үүссэн татварын их хэмжээний хуримтлагдсан өр төлбөр болон бусад өрийг төлж барагдуулж байгаа хүчин чармайлтыг харгалзан үзэж, Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагч Н.Эрдэнэмядаг, Ц.Сарантуяа нарын “Алтандорнод Монгол” ХХК-ид тавьсан 2011.12.09-ны өдрийн 210108 дугаартай татварын акт, хамаарал бүхий “Бумбат” ХХК-ид тавьсан 2011.12.08-ны өдрийн 210107 дугаартай татварын актуудыг хүчингүй болгож өгнө үү.

            Жич: Холбогдох баримтуудыг хавсаргав гэсэн гомдол

Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэмядаг, татварын улсын байцаагч Ц.Сарантуяа нарын ирүүлсэн:

“Алтандорнод монгол” ХХК-аас 2009-2010 татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2011 оны 12-р сарын 09 –ны өдрийн 210108 тоот актаар ногдуулсан төлбөртэй холбогдуулан ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараахь тайлбарыг өгч байна. Үүнд:

  1. 2009, 2010 онд төлөгдөөгүй үлдэгдэл Нэмэгдсэн өртгийн албан татвар, Алтны үнийн өсөлтийн албан татварт алданги ногдуулсан талаар:

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д  “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, мөн татварын алдангийн хувь хэмжээг тооцох тухай Засгийн газрын 2009 оны 21 дүгээр тогтоолд : 1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй буюу…………….татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,06 хувиар тогтоосугай. 2-т “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан алданги тооцох хувь хэмжээг 2008 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарт даалгасугай” гэж заасны үндэслэн:

2009-2010 оны Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй нийт 3,512,624.9 мянган төгрөгийн зөрчилд 558,901.0 мянган төгрөгийн алданги,

2009-2010 оны алтны үнийн өсөлтийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй  нийт 104,891,045.6 мянган төгрөгийн зөрчилд 20,642,557.8 мянган төгрөгийн алдангийг татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нь үндэслэлтэй байгаа юм.

2009, 2010 онд төлөгдөөгүй үлдэгдэл Алтны үнийн өсөлтийн албан татварт торгууль ногдуулсан талаар:

  1. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасныг үндэслэн:

2009-2010 оны Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй хугацаа хожимдуулсан нийт 3,512,624.9 мянган төгрөгийн зөрчилд 931,501.6 мянган төгрөгийн торгууль,

2009-2010 оны алтны үнийн өсөлтийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй  нийт 104,891,045.6 мянган төгрөгийн зөрчилд 34,404,263.0 мянган төгрөгийн торгуулийг татварын улсын байцаагчийн актаар  тус тус ногдуулсан  юм.

Харин Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-дэх заалтаар ногдуулах 30 хувьтай тэнцэх торгууль нь төлөгдөөгүй татварын дүнд тооцох хариуцлагын заалт биш гэдгийг татвар төлөгч буруу ойлгосон байна.

  1. Татварын тайланг залруулга хийлгэхтэй холбоотой гомдлын талаар:

ТЕГ-ын даргын 2010 оны 8-р сарын 02 өдрийн 379 тушаалаар батлагдсан “Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журамын 5.12-т “нэг цэгийн татварын улсын байцаагч журмын 3,10-т заасны дагуу тайлан залруулах хүсэлтийг хүлээн авч залруулна”, 5.13-т “түхайн татварын жилээс өмнөх 2 жилийн хугацааны тайланд залруулга хийх бол татвар төлөгяийн хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ”, хүсэлтийг хүлээн авсан байцаагч шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын хэлтэст тайлбар бичиж шалгуулан тайланг залруулахаар заасан байна.

Гэтэл татвар төлөгч тайлангаа залруулах талаар хүсэлтээ гаргаж татварын албанд ирүүлээгүй байсан тул тайлан залруулаагүй бөгөөд татвар төлөгчийн татварын мэдээллийн баазад байгаа өрийн үлдэгдэлд хуулийн дагуу хариуцлага тооцсон болно.

Татварын хууль болон бусад холбогдох  журам зааварт 2009-2010 онуудын үлдэгдэл өрөнд тооцсон татварын торгууль алдангийг чөлөөлөх заалт байхгүй болно.

“Алтандорнод монгол” ХХК 2010 оны 4-р улирлын тайландаа 22,689,336.4 мянган төгрөгийн эрх борлуулсаны орлогоос 6,806,800.9 мянган төгрөгийн татвар суутган төсөвт төлөхөөр тайлагнасныг татварын улсын байцаагчийн актанд шийдвэрлэсэн талаар:

2011 оны 6-р сарын 29 ны өдөр ТЕГ-ын дэд дарга Жигжид гарын үсэгтэй ирүүлсэн 2а/1675 дугаар албан бичигт “Алтандорнод монгол ХХК 2010 оны 4-р улирлын тайланд эрх борлуулсаны орлогод 6,806,800.9 мянган төгрөгийн татвар ногдуулж төсөвт төлөхөөр өөрөө тайлагнасан нь буруу байна. Тиймээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу тус компаниас эрх худалдан авсан иргэн хуулийн этгээдийг тодруулж хяналт шалгалтанд хамруулан суутгагчийн үүрэг биелүүлээгүй этгээдэд нөхөн татвар ногдуулах ажлыг зохион байгуулж танилцуулгыг ирүүлэх чиглэл өгөгдсөний дагуу болон холбогдох хууль тогтоомжийн заалтаар дээрхи ногдлыг дараах байдлаар татварын улсын байцаагчийн актанд тусгасан болно.

“Алтандорнод Монгол” ХХК компани нь Голомт банкны зээлийн барьцаанд байсан  ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лицензүүдээ Голомт банк  “Бумбат” “Кипрстар” ХХК-нуудтай “Барьцааны зүйлийг худалдах,  худалдан авах” БХ/02, БХ/03 тоот гэрээнүүдийг хийж, “Бумбат” ХХК-д 9,371,070.0 мянган төгрөгөөр, “Кипрстар” ХХК-д 15,587,200.0 мянган төгрөгөөр /НӨАТ-тай дүнгээр/ борлуулсан байна. Эрх борлуулсаны орлогод ногдох татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу худалдан авагч тал болох “Бумбат” болон “Кипрстар” ХХК суутгагчийнхаа үүргийн дагуу  ногдуулан суутгаж төсөвт төлж,   тайлагнах ёстой.

Гэтэл “Алтандорнод Монгол” ХХК нь өөрөө 2010 онд эрх борлуулсаны 22,689,336.4 мянган төгрөгийн орлогод ногдох 6,806,800.9 мянган төгрөгийн татварыг суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар ногдуулж  тайлагнасан нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.5-т “ энэ хуулийн 17.2.1-17.2.3…-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” мөн  зүйлийн 21.7-т “ суутгагч нь энэ хуулийн 21.5, 21.6-д зааснаар суутгасан албан татварын тайланг  дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг зөрчсөн байх тул  тус компаний тайлангаар ногдуулсан ногдлыг  бууруулж, худалдан авагч талууд болох “ Бумбат” ХХК, “Кипрстар” ХХК-нуудад хуулийн дагуу хариуцлага  тооцох нь зүйтэй гэж үзсэн юм.

Иймд гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол, тайлбарыг Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу авч хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. “Алтандорнод монгол” ХХК- ийн 2012 оны 01 сарын 09-ны  өдөр ирүүлсэн тайлбарын 1-г шалган үзвэл:

“Алтандорнод монгол” ХХК-ийн 2008 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсээс шалган 2009 оны 04 сарын 20-ний өдөр татварын улсын байцаагчийн 00300916 тоот актаар 61,897,094.1 мянган төгрөгийн ЗБҮӨАТ, ХХОАТ, ААНОАТ, ҮХЭХАТ –ыг хуулийн хугацаанд төлөөгүйд зөрчилд 75,325,324.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “60.2.Энэ хуулийн 60.1-д заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд  Засгийн газар жил бүр тогтоож байна” гэж заасны дагуу Засгийн газрын 2009 оны 01 сарын 28-ны өдрийн 21 тоот тогтоолын 1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай шийдвэрийн дагуу татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутамд 0.06 хувиар тогтоосугай” гэж хуулийн хугацаанд төлөгдөөгүй татварт алданги тооцох хувь хэмжээг тогтоосон байна.

Мөн тус тогтоолын 2-т “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан алданги тооцох хувь хэмжээг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарт даалгасугай” гэж алданги тооцох хувь хэмжээг хэзээнээс мөрдөж ажиллахыг заасан байх тул Монгол улсын Их хурлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.2-т “ Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно”  Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэл болгон гаргасан татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

  1. “Алтандорнод монгол” ХХК- ийн 2012 оны 01 сарын 09-ны  өдөр ирүүлсэн тайлбарын  2,3,6,7,8-г шалган үзвэл:

Татварын ерөнхий хууль /1992 он/-ийн 10 дугаар зүйл Татвар төлөгчийн үүрэг. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ 10.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” , Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “ татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгана. Татвар төлөгч татварын ногдлыг буруу тодорхойлсон гэж үзвэл татварын алба, татварын байцаагч шалган тогтооно” гэж татвар төлөгч татвар ногдох орлого болон бусад зүйлд ногдох татварыг өөрөө тодорхойлон тайлагнахаар хуульчилсан байна.

Мөн түүнчлэн тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-46.5-д зааснаар татварын алба нь тайлан хүлээн авахдаа нягталж шалгах үзүүлэлтүүдээ шалган илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг хуулийн хүрээнд авч шийдвэрлэсэн байх тул  дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.“Алтандорнод монгол”  ХХК- ийн 2012 оны 01 сарын 09-ны  өдөр ирүүлсэн тайлбарын  9-г шалган үзвэл:

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74. 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” , 74.4-т “Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж  заасан байх тул татвар төлөгчийн нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувиас хэтрүүлэхгүйгээр торгууль ногдуулна гэсэн гомдол үндэслэлгүй байна.

  1. Татварын ерөнхий газар “Алтандорнод монгол” ХХК нарын хооронд 2012 оны 03 сарын 15-ны өдөр 06/12 дугаар бүхий “ Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээ” байгуулснаас хойш Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсээс 2009 оны 04 сарын 20-ны өдрийн татварын улсын байцаагчийн 0300916 тоот актаар ногдуулсан 75,325,324.1 мянган төгрөгийн уг гэрээний төлбөрийн дүнд тусгагдаагүйгээс гадна татварын улсын 210108 тоот акттай ижил зөрчилд ногдуулсан төлбөрийн асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 сарын 31-ны өдрийн 343 тоот шийдвэр гарсан байна

Уг шийдвэрт “….Иймээс нэгэнт байгуулчихсан Эвлэрлийн гэрээтэй, уг гэрээг үндэслэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 04 сарын 06-ны өдрийн 674 дүгээр захирамжаар эвлэрлийг нь баталгаажуулчихсан байгаа тул шүүх уг гэрээг шууд тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэн дээрх дүгнэлтийг хийлээ. Дээрх үндэслэлээр маргаан  бүхий акт нь ямар нэг үр дагавар үүсгэх эрх зүйн боломжгүй болсон нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актын улмаас  нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн Татварын ерөнхий хууль, бусад хууль тогтоомжид заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж мөн гэрээний дагуу “Алтандорнод монгол” ХХК болон Татварын ерөнхий газрын аль аль нь  өөр бусад өр төлбөрийн асуудлаар маргахгүй байх үүрэг хүлээсэн байна гэж үзээд нэхэмжлэгч “Алтандорнод монгол” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

  1. Татварын ерөнхий газар “Алтандорнод монгол” ХХК нарын хооронд 2012 оны 03 сарын 15-ны өдөр 06/12 дугаар бүхий “ Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээ” байгуулсан байна.  Уг гэрээний 4 дэхь хэсгийн 4.1-д “Энэ гэрээнд гарын үсэг зурах үед төлбөр төлөгчийн төлөх татварын хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ 73,875,466.1 мянган төгрөг болохыг талууд тодорхойлж байна.” гэж, 4.2-т “ Энэ зүйлийн 1-д заасан татварын өрийн хэмжээтэй холбогдох асуудлаар талуудад маргаан байхгүй ба хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ асуудлаар талууд шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж 1.10-т “Энэхүү гэрээний нөхцөл, хугацааны хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон хуримтлагдсан татварын өрийн хэмжээ нь талуудын зүгээс бүрэн харилцан хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд аль ч талаас энэхүү өрийн хэмжээний талаар маргахгүй, шүүх, арбитр, эрх бүхий бусад байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж  заасан байна.

Энэ нь Татварын ерөнхий газар “Алтандорнод монгол” ХХК нарын хооронд 2012 оны 03 сарын 15-ны өдөр байгуулсан “ Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээ” –ээр төлөх ёстой татварын өр, төлбөрийн талаар талууд харилцан тохиролцож, уг асуудлаар дахин маргахгүй байхаар хэлэлцсэн нь тус гэрээгээр татвар төлөгчийн төлөх ёстой татварын өрийг 2 тал эцэслэн баталгаажуулсан байна гэж үзэхээр байна.

Иймд татварын улсын байцаагчийн 210108 тоот актаар хариуцлага хүлээлгэх  нь  Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан шударга ёсны зарчим, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрийн хяналт шалгалт (цаашид ”хяналт шалгалт” гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална: 4.1.7.хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг тус тус зөрчсөн үйлдэл болох тул  татвар төлөгчийн 2012 оны 12 сарын 26-нд нэмэлт байдлаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзээд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2011 оны 12 сарын 08-ны өдрийн 210108 тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосугай…” гэсэн байна.