Дундговь аймагт дахин 4.4 магнитудын газар хөдлөлт боллоо

2019-01-07

Дундговь аймгийн Гурвансайхан сумаас урд зүгт 50 км-т орших Уул хадарганатай гэх газарт энэ сарын зургааны өдөр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй ба ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус аймагт өнгөрсөн саруудад тогтмол дөрвөөс дээш магнитудын давтамжтай хэд хэдэн удаагийн газар хөдлөлт болсон юм. Тодруулбал,

Өнгөрсөн 10-р сарын 19-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн хойд зүгт орших Галт хайрхан гэх газарт 4.31 магнитуд газар хөдөлсөн бол 11-р сарын 13-нд Дэлгэрцогт сумын Суварга гэх газарт  дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Үүнээс гадна долдугаар сард Говь-Алтай аймагт 4.3, 10-р сард Баянхонгор аймагт 4.38 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд хамгийн сүүлд энэ сарын гурванд Өмнөговь аймгийн Номгон сумын ойролцоо 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдоод байгаа юм.

Мөн газар хөдлөлтөөс үүдсэн гурван том хагарал бүртгэгдсэн байдаг ба дахин нэг шинэ хагарал бүртгэгдээд байна. Энэ нь Улаанбаатар хотын төв дундуур дайран өнгөрч буй нь судалгааны үндсэн дээр тогтоогдсон гэдгийг ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Эх сурвалж: udriintoim.mn