Хувьцааны дансаа нээлгээгүй 1 сая 457 мянган иргэнд хэрэгтэй мэдээлэл!

2019-01-07

Найман жил улс төрийн сэдэв байж ирсэн  “1072 хувьцаа” хэзээ жинхэнэ утгаараа эдийн засгийн үр ашиг дагуулах вэ гэдэг асуулт энэ онд ч анхаарал татсан асуудлуудын эхэнд байх нь тодорхой. “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвөөс өгч буй мэдээллээр “1072 хувьцаа эргэлтэнд орох болоогүй гэж байгаа юм.

 

Ирэх хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдах бөгөөд эхлээд гадаадад хөрөнгө босгох зорилгоор IPO гаргана гэсэн мэдээллийг өгч байна. Тодруулбал, гадаадын биржид IPO гаргасны дараа хувьцаагаа дотоодод амилуулна гэсэн дараалал яригдаж байна. Тавантолгой ордыг том зургаар нь эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийн төслүүдээ урагшлуулах ёстой. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй учир эхлээд гадаад зах зээлд хувьцаагаа гаргаж, мөнгө татах нь чухал гэж үзэж буй аж.

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.5 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож байна. 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улстөрийн угшилтай дөрвөн  шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм. Ингээд харахаар 1072 хувьцаа бодит утгаараа эдийн засгийн эргэлтэд ороогүй өдийг хүрсэн нь ойлгогдоно.

 

Хувьцаа хуваарилагдсанаас хойш буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшихгүй байгаа. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэж буй.

 

Мөн тэрбээр иргэн бүрт НООГДОЛ АШИГ тараах тухай ярьж, хүн бүрийг өөрт ойр байрлах үнэт цаасны компани дээр очиж ДАНСАА НЭЭЛГЭХ-ийг зөвлөж буй нь анхаарал татаж байгаа юм. Дэс дарааллын хувьд компани IPO гаргаж, дотоод гадаадын хөрөнгийн захаас мөнгө босгож, үйл ажиллагаа ашигтай гарсны дараа 1072 хувьцааны НООГДОЛ АШИГ гэх сэдэв яригдах ёстой. Үүнд мэдээж хугацаа шаардлагатай.

 

Хэрэв IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг засгаас өгсөн чиглэлийг ажил хэрэг болгож, Нью-Иорк болон Хонгконгийн хөрөнгийн биржээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах эсэхийг бүрэн тодорхой болгочихвол, нэг өөр хэрэг л дээ.

 

1 сая 54 мянга гаруй иргэн дансаа нээлгэжээ  

 

1072 хувьцаа нь регистрийн дугаараар нь бүртгэлтэй байгаа иргэдийг хувьцааны дансаа нээлгэхийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас уриалж буй. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 2 сая 511 мянган иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, “1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулж, 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт ажиллажээ. Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 хувьцааны данс нээгдсэн бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24 682 данс тус тус нээгдсэн гэх мэдээлэл өгч байсан.

 

Тэгвэл 2018 оны сүүлийн байдлаар 1 сая 54 мянга гаруй хүн дансаа нээлгэсэн гэх мэдээллийг “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөс өгч байна. Тэгэхээр хувьцааны дансаа нээлгээгүй 1 сая 457 мянган иргэн байна гэсэн үг.

 

Хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байгаа иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг хүргэе.

 

НЭГДҮГЭЭР АЛХАМ

Иргэн та хамгийн эхлээд хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд www.schcd.mn сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.

 

ХОЁРДУГААР АЛХАМ

Иргэн та өөрийнхөө нэр дээр хувьцаа байгаа хувьцаанаас цаашдаа үр ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй юм. Үүний тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ www.mse.mn сайтад хандан МХБ-д бүртгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоно. www.mse.mn/mn/brokers/78 линкээр ороход дараах 50 үнэт цаасны компани гарч ирж байна. Эдгээр компаниудаас сонголтоо хийгээрэй.

 

ГУРАВДУГААР АЛХАМ

Үнэт цаасны компаниудаас сонголтоо хийсэн бол Хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй болж байна. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс Төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардагдана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

 

ОРОН НУТГИЙН ИРГЭД ДАНСАА ХААНА ХАНДАЖ НЭЭЛГЭХ ВЭ?

Орон нутгийн иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэхдээ хаана хандах вэ гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж буй. Тиймээс 21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг хүргэж байна.

  • Архангай – “Гүүдсек ҮЦК” утас 8095 6484
  • Баян-Өлгий – “Таван Богд ҮЦК” утас 9908 9224
  • Баянхонгор – “Гүүдсек ҮЦК” утас 8096 6484
  • Булган – “Булган Брокер ҮЦК” утас 9919 5114
  • Говь-Алтай – “Гүүдсек ҮЦК” утас 8097 6484
  • Дархан-Уул – “Би Ди Сек” утас 9408 2846, 7037 9007, “Дархан Брокер” утас 9910 3719
  • Дорнод – “Монсек” утас 9504 0777
  • Дундговь – “Санар” утас 9909 8709
  • Завхан – “Гүүдсек ҮЦК” утас 8060 6484
  • Орхон – “Би Ди Сек” утас 9907 2846
  • Өвөрхангай – “Гүүдсек ҮЦК” утас 8098 6484
  • Өмнөговь – Нэйшнл Секюритис ҮЦК” утас 8903 2443, “Батс ҮЦК” утас 9911 8082
  • Сүхбаатар – “Монсек” утас 9011 0504 9504 0777
  • Сэлэнгэ – “Масдак” утас 9988 1008
  • Увс – “Тулгат Чандмань Баян” утас 9945 9044
  • Ховд – “Бумбат-Алтай” утас 7043 2166, 9996 8989
  • Хөвсгөл – “Гүүдсек ҮЦК” утас 8054 6484
  • Хэнтий – “Өндөрхаан Инвест” утас 9889 8481, 9818 4359