Дуурийн дуучин Ч.Бадрал 20 мянган фунтийн төлөө тунаж үлдээд байна

2019-01-04

Английн Лондон хотноо дэлхийн дуурийн дуучдын “Кардифф-2019″ уралдаан саяхан болж өндөрлөлөө. Уралдааны шигшээ шатанд нийт 19 шилдэг дуучин үлдсэний дунд Монгол Улсын цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал байгаа юм. Тэрбээр “дуу романс” болон “дуурийн ари” төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдсэн байна. Үлдсэн 19 дуучин зургадугаар сарын 17-22-ны өдрүүдэд Уэлсийн Кардифф хотноо хэн нь дэлхийн дуучин болохоо үзэж, хоолойн чадлаа сорих аж.

Дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн 2018 оны долдугаар сард Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018”  шагналын эзэн болсон. Нийт зургаан сар үргэлжилсэн уг тэмцээн дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байдаг. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа билээ.

Хоёр жил тутамд зохиогддог “BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуурийн дуучин Кардифф” уралдаанд өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2015 онд оролцон, алдарт сопрано хоолойт дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 2017 онд оролцон шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дууны төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм. Тус уралдааны тэргүүн байрын шагнал 20 мянган фунт буюу 67 сая төгрөг ажээ.