Хорин жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэн этгээдэд ял оноолоо

2018-12-25

Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины нэгэн хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлэж байжээ. Тодруулбал, 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалуулж, нас барсан хэрэг гарч байсан юм.

Дээрхи хэрэгт 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн хоёр дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байна.

Улмаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдийг Цагдаагийн хэлтсүүдээс татаж хянахдаа дээрх хэргийн ажиллагааг  сэргээж,  хэргийн газраас олдсон нэг ширхэг мөр илрүүлсэн нь А.Н гэгчийн  баруун гарын эрхийн хурууны дардастай тохирчээ. Шалгалтын явцад А.Н гэгч нь урьд нь зургаан удаагийн л шийтгэл эдэлж байсан нэгэн болохыг тогтоосон бөгөөд эд мөрийн баримтаар дээрх гэмт хэргийг үйлдсэн нь мөн тогтоогдсон тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 19 жил 11 сар 13 хоног хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

А.Н гэгч нь дээрх хүн амины хэргийг үйлдсэнээс хойш дөрвөн удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү олон жил илрээгүй байсан онц хүнд хэргийг прокурор хяналтаараа илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN