Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгэжээ

2018-12-24
Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өнгөрсөн долоо хоногт “Сонгинохайрхан дүүргийн 107-р цэцэрлэгийн багш Алтанчимэг Хүүхдийг минь цохиж улмаар хүү минь сандал мөргөж унахдаа хүнд гэмтсэн” хэмээн цахим орчинд хүүгийн аав нийтэлсэн байсан.

Тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш Алтанчимэг гэх багшийг ангийнхаа таван настай хүү Б.Галбадрахыг удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулж хүчирхийлэл үйлдсэн хэмээн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Энэ талаар зодуулсан хүүгийн аав Х.Баттөмөр “Хүүгээ зодуулсаны хоёр хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн. Харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа. Мөн би дахин прокурорт нь шинжээч томилж өгөх тухай өргөдөл өгчихөөд байж байна. Түүнчлэн энэ сарын 8-ны өдөр БСШУСЯ-нд өргөдөл бичиж өгсөн. Мөн Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төвд хандсан.

Шүүх эмнэлэгт хандсан байгаа бөгөөд дүгнэлттэй нь танилцаагүй байна. Манай хүүг зоддог багшид эрүүгийн хэрэг үүсгэж улмаар прокурорын шатанд шалгагдаад явж байгаа болохоор надад үзүүлээгүй” гэж ярьжээ.

Эх сурвалж: olloo.mn О.Гэрэл