Илбэчин С.Билэгт ”Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар тодорлоо

2018-12-17

Mонгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгож буй “Авьяаслаг монголчууд” шоуны гуравдугаар улирлын эцсийн шатны шалгаруулалт өчигдөр өндөрлөж, гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлгийн ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Сүүлийн шатанд үзэгчдээс хамгийн олон санал авсан С.Билэгт ялагч болсноор 100 сая төгрөгийн эзэн болж байна. Тэрбээр шилдгээр шалгарсныхаа дараа “Шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулна” гэв.

Шилдгийн шилдэг 10 оролцогчоос үзэгчдийн саналын тоогоор ОХУ-ын Буриад улсаас тус шоуг зорьж ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар дэд байрт шалгарлаа. Хөтлөгч санал хураалтын дүнг зарлахын өмнө шүүгчдээс хэнийг дэмжиж байгаа талаар сэтгэгдлийг сонсоход гурав нь Буриадын циркчдийг нэрлэж байв.

Сүүлийн шатанд шалгарсан шилдэг 10 оролцогчийн үзэгчдийн саналаар байр эзэлсэн байдлыг сонирхуулъя.

1. С.Билэгт /Илбэчин/

2 Дулма, Паша /Цирк, агаарын үзүүлбэр/

3. “116” хамтлаг /Бүжиг/

4. Б.Дуулал /Хөгжимчин/

5. Н.Амаржин /Комеди/

6.Б.Жавхлантөгс /Дуурийн дуучин/

7. Г.Гантогтох /Жүжиглэлт, уншлага/

8. Д.Бердибек /Дуучин/

9.Б.Батболд /Дуучин/

10. “Assasins” хамтлаг /Бүжиг/

Тус шоуны анхны буюу 2015 оны ялагчаар “Эгшиглэнт чимээ” хөгжмийн хамтлаг шалгарч, Б.Мягмарцэрэн, Х.Бархүү нарын хөгжимчид удаалж байсан юм. Харин 2016 онд Орхон аймгийн оролцогч, дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлж, Б.Шижирбат удаалж байсан юм.