Макаод ял эдэлж буй 12 иргэнийг авчрахаар боллоо

2018-11-12

Ялтан шилжүүлэх тухай хуулийг баталснаар манай улсын 12 иргэн эх орондоо ялаа эдлэх боломжтой боллоо.

УИХ-ын чуулганаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, Бүгд Найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

Ингэснээр тус улсад ял эдэлж буй 12 иргэнийг эх орондоо шилжүүлэн авчрах эрхзүйн орчин бүрдэж байна. Эдгээр иргэд бүгд хулгайн хэрэгт холбогдон ял эдэлсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа юм. Тэд эх орондоо ялаа эдлэх хүсэлтийг байнга ирүүлдэг байсны дагуу уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна.

Мөн эдгээрээс гадна хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон иргэд Макаод шалгагдаж байна.

Сануулбал, манай улс Хятадтай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш долоон иргэнийг тус улсаас шилжүүлэн авсан ч одоогийн байдлаар манай улсын 113 иргэн Хятадад ял эдэлж байгаа юм.

Эх сурвалж: udriintoim.mn