Жирэмсэн эх, хүүхдийг утаанаас хамгаалах хөтөлбөр хэрэгжинэ

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөр 2018-2021 оны хооронд хэрэгжих бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зэрэг ажлыг хийх юм.

Уг хөтөлбөрийг нийт 10.414.000 доллараар хэрэгжүүлэх ба үүний 4.802.500 долларыг Швейцарын хөгжлийн агентлаг гаргах гэнэ. Агаарын бохирдол жирэмсэн эх болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотолсоор байна.

Тухайлбал, “жирэмсэн эх утаатай агаараар амьсгалах үед агаар бохирдуулагч тоосонцор ихсийг нэвтрэн ургийн тархины хөгжилд нөлөөлснөөр насан туршийн өөрчлөлтөд оруулдаг” гэж НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хакенс ярилаа.

Энэ нь цаашлаад хүүхдийн сурлагын чадварт нөлөөлж, сэтгэл гутрал, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн зан үйлд өөрчлөлт оруулдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсын бага насны хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаагаар эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртсөн хүүхдийн таван настай үеийн IQ оноо дөрвөөр буурдаг нь тогтоогджээ.

Энэ талаар НЗДТГ-ын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ, “ Агаарын бохирдлоос хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалах талаар тодорхой ажил хийгээгүй байсан нь үнэн. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Өнгөрсөн жилээс нийслэлийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарыг сайжруулах ажлууд хийсэн” гэлээ.

Харин ХНХЯ-ны сайд С.Чинзориг “Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авсаар байна. Жишээлбэл, ирэх хавраас түүхий нүүрсийг оруулахгүй байх шийдвэр хэрэгжинэ” гэсэн юм.

Эх хүүхдэд чиглэсэн хөтөлбөрийг НҮБ-ын хүүхдийн сан, Ватерлоо их сургууль, Азийн хөгжлийн банк, НЗДТГ, Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд дараах үр дүнд хүрэх гэнэ. Тодруулбал,

  • Агаарын бохирдол ба эх хүүхдийн эрүүл мэндийн талаарх тоо баримт мэдээлэл цуглуулах, судалгаа дүн шинжилгээ хийх чадавхыг сайжруулах
  • Эрсдэлийг бууруулах арга хэмжээг газар дээр нь авснаар сургуулийн өмнөх насны хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд учрах эрүүл мэндийн бэрхшээлийг бууруулах
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг үндэсний болоод орон нутгийн зохих бодлогуудад тусгах юм.

Сонирхуулбал, манай улсад жилд 7000 хүн  цаг бусаар нас бардгийн 10 хувь нь агаарын бохирдлын шууд нөлөөллөөс үүддэг гэж ДЭМБ-аас мэдээлсэн байна. Гэвч уг тоо 2014 онд 20 хувьд хүрч өсжээ. Тэгэхээр жилд мянга гаруй Монгол хүн ганцхан өвөлд амьсгалсан утаанаасаа болж амь насаа алдаж байгаа юм.

Эх сурвалж: udriintoim.mn