Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя

Улс орны эдийн засаг хүндэрлээ. Хүмүүсийн амьдрал хэцүү байна. Нийгэм тэсрэхэд бэлэн болов. Хаа сайгүй авлига, хээл хахууль, хууран мэхлэлт, хулгай дээрэм, ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл. Бидний үргэлж сонсож, нэгэндээ хэлдэг эдгээр үгс ямар танил уншигдана вэ? Бид ийм муухай үгсээс айж ичихээ больчихсон гэж үү?

Дээрх үгсийг аз жаргал, гэр бүл, найз нөхөд, амьдралын зөв дадал. Үлгэр дууриалал, үнэнч байдал, хайр сэтгэл, халуун мөрөөдөл, буян ерөөл гэдэг үгстэй та харьцуулаад үзээрэй. Итгэл үнэмшил, ирээдүйн сайн сайхны тухай төсөөлөл гэх үгс эдгээр үгсийн дэргэд хэр хүчтэй дуудагдаж байна вэ? Өнөөгийн нийгэмд аль нь илүү тохирох талаар бодоод үзээрэй.

Харамсалтай нь, гудамж талбай, сургууль цэцэрлэг, нийтийн унаа, албан тасалгаанд чихнээ сонсогдож, нүднээ харагддаг зүйлс бол эхний хэсгийн таагүй үгс. Бид яагаад өөрсдийн хүсээгүй орчинд амьдарч, хар бараан утга бүхий эрээ цээргүй үгсийг хэлэлцэх учиртай юм бэ? Хариулт нь танд бий гэдэгт итгэх үү?

Учир нь бид өөрсдөө ийм нийгмийг бүтээлцэж байна. Бид бурууг засалцсангүй, зөвийг зөвлөсөнгүй. Дэмий л хувиа хичээж, довоо шарлуулж, амьдрал ахуйгаа додомдож ирлээ. Мэдээж, Монголын нэгэн өрхийн амьдрал тэгширч, үр хүүхэд нь шилдэг боловсрол эзэмшиж, үнэ цэнэтэй иргэн болон төлөвших нь муу зүйл биш ээ. Үүнийгээ ч та сайн биелүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тийм ээ, та мундаг аав, гайхалтай ээж. Тэгвэл таны бяцхан охин ямар хүүхдүүдтэй найзалж, ямар хүмүүсийн дунд тоглож байгааг бодох хэрэгтэй болж байна. Тэгээд “Энэ нийгмийг илүү сайн сайхан байлгахын төлөө юу хийсэн бэ” гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Бидэнд буруу байгаа биз?

Би сэтгүүлч мэргэжилтэй. Хүүгийн аав, хүний хань. Хорин жилийн ипотекийн зээлтэй, хосолмол хөдөлгүүртэй машинтай. Бор хоногуудыг үдэж болоод л байна. Гэвч. Гэвч хүү минь амьдрах хорвоог илүү сайхан, гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээгээгүй гэдгээ алхам тутамдаа ойлгож байна. Тэгэхээр эрхэм уншигч танаас нэгэн зүйлийг гуйя. Эрхэм найз минь. Хамтдаа хичээцгээе, хамтдаа өөрчилцгөөе.

Үүний тулд хүн бүр чаддаг зүйлээ сайн хийе. Сэтгэлээсээ бүтээе. Барилгачин нь барилгаа, оёдолчин нь оёдол, эсгүүрээ, санхүүч нь данс тооцоогоо сайн хөтөлье. Хийсэн шиг хийж, чадсан шиг чадъя. Сэтгүүлч нь алив сайн сайхан мэдээг түгээж, тухайн салбарыг хөгжүүлж болох гарц шийдлийг хэлэлцүүлдэг байя. Харин анхааруулга болгох үүднээс л сөрөг мэдээллийг нийтэлдэг байя. Алдаанаасаа суралцдаг байя. Сэтгүүлчид бид чинь зөвхөн алдааг шүүрч, бурууг гоочилдог мэргэжилтнүүд биш шүү дээ. Сайн сайхан зүйл зөндөө бий. Хүмүүсийн сэтгэл зүрхтэй, ухамсар сэтгэлгээтэй харьцах нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж чадна. Үүнтэй адил та ч гэсэн хичээгээрэй гэж гуйх байна. Амьдран буй нийгмээ бид өөрсдөө л өөрчилж чадах юм.

Тийм ээ, байдал тийм ч сайнгүй байгаа нь үнэн. Улс орон маань хүссэн хэмжээнд хүртэл хөгжихгүй байна. Хүн ард маань санасандаа хүртэл сайхан амьдрахгүй байна. Үр хүүхдүүд минь сугалаагаар цэцэрлэгт орж, хүн зон маань эрүүл мэндээ мөнгөөр худалдан авч байна. Бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Харамсалтай нь, цалин орлого хүрэхтэй, үгүйтэй байна. Залуус гадагшаа ажиллахаар явж байна. Энэ бүхэн үнээн. Гэхдээ өдөр ирэх тусам байдал сайжирч байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сайныг олж харах юм бол улс оронд маань давхар замууд, цахилгаан станциуд, цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр гээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн салбарт ч ахиц дэвшил гарч байна, олон улсын жишигт дөхсөөр байна. Мөн бид дэлхийн хаана ч байхгүй сайхан баялаг байгальтай, давтагдашгүй нүүдэлчин соёл, бахархалт түүхтэй ард түмэн. Бид аливаа зорилгын төлөө нэгдэж чадах юм бол дэлхийн түүхэнд цойлох боломж бий. Бидний ирээдүй өмнө минь байна. Энэ ирээдүйг бид хамтдаа бүтээнэ.

Нийгэмд өнөөдөр ёс зүй, бие биенээ хайрлан хүндэтгэх сэтгэлгээ, аливаад чин сэтгэлээсээ ханддаг бүтээлч монгол хүний үнэ цэнэ өсөн нэмэгдэж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрсдийгөө эх орончид гэцгээж хуурай аархцгаах хүмүүс бишгүй таарах болж. Хүч хэрэглэх, үзэн ядах, хөөн зайлуулах аргаар тэмцэж буй тэдгээр хүмүүсийг цаг үеийн шуурга бий болгоо биз ээ. Гэхдээ хүч хэрэглэх нь бүдүүлэг, бурангуй ёс гэдгийг ойлгуулъя. Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя. Улс орон хөгжиж, сайн сайхан зүйлс их байгааг үзүүлье. Үүнд өөрийн мэргэжлийг зориулъя, сайн сайхан нийтлэл, сурвалжлага бэлтгэе.

Би зөвхөн сэтгүүлчийн өнцгөөс хандаж байгааг болгооно биз ээ. Учир нь сэтгүүлчийнхээ ажлыг л мэдэх болохоор ийн жишээлэв. Би эх орныхоо төлөө үнэн, бодит мэдээллийг түргэн шуурхай нийтлэхэд анхаарч ажилладаг. Тиймээс би өөрийгөө эх оронч гэж бахархалтайгаар хэлдэг. Тэгэхээр эх оронч гэж олон янз байдаг болж таарах нь. Би эх орныхоо төлөө гудамжинд гарч жагсаал хийгээгүй нь үнэн. Харин жагсагчдын зорилго, үр дүнг олон  нийтэд хүргэж байгаа эх оронч. Хамгийн гол нь би ард түмнийг өдөөн турхирсан зүйлд уриалан дууддаггүй эх оронч юм шүү.

Үр хүүхэд минь амьдрах хорвоод бид ёс зүйтэй монгол хүнийг бий болгохыг зорих хэрэгтэй мэт. Ёс зүйтэй монгол хүн л өнөөдөр Монгол Улсын брэнд болох учиртай. Гэтэл бидний Монголын брэнд болгох гээд зорьж байгаа ирээдүйн эзэд маань хүүхэд өсөх тохиромжгүй орчинд амьдарч байна. Бид амьдруулж байна. Ганцхан жишээ татахад, цахим орчны халдлагаас бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байна. Хүн бүр мэдэмхийрэл, хэнээрхэл, ааг омгоо цахим орчинд чадахынхаа хэрээр цацах болж.

Манай улсын 12-13 насны хүүхдүүдийн 70 хувь нь өдөр тутамдаа фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ насны хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй, зан байдал төлөвшөөгүй байдаг нь гэмт хэрэгтнүүдийн өгөөш болдог байна. Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд цахим дарамтад өртсөн хүүхдийн тоо 278 хувиар өссөн байна. Хүүхдүүдийн фэйсбүүкт өдөр тутамд нь хүчирхийлэл үйлдэж буй болон садар самууныг сурталчилсан зураг бичлэг ирдэг байна. Түүнчлэн хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй дарах, үнэ тохирч авах, сүрдүүлэх зэргээр фэйсбүүк хуудсаар хүмүүст зарах болон хүүхдийн нэр төрд халдах, сүрдүүлэх оролдлогыг тогтмол хийдэг бүлэг хүмүүс ч байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 82 хувь нь зүй бус үйлдэлд уруу татсан зурвасыг фэйсбүүк хэрэглэгчдээс хүлээн авсан гэжээ. Мөн хүүхдүүд өөрсдөө энэ үйлдэлд санамсаргүй байдлаар татагдан орж байна. Үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа судалгаанд оролцсон хүүхдүүдийн 93 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Энэ бол Монголд болж буй фэйсбүүк орчны судалгаа гэдгийг онцолъё. 10 хүүхдийн найм нь зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг гэж байна. Гэтэл сошиал орчны гэмт хэрэг нь оны сүүлч буюу дөрөвдүгээр улиралд эрчимждэг юм байна. Харамсалтай нь оны сүүлч, өвөл айсуй.

Сэтгэгдлүүд бүр утгаа алдсан. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүн рүү үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа зэрэгт үндэслэн дайрч давшлах, үзэн ядах үг хэллэг гаарч байна. Улс төрч, хөрөнгө чинээ, алдар хүндтэй хүмүүстэй холбоотой дурын 50 нийтлэлийн доор бичсэн уншигчдын сэтгэгдлийн /давхардсан тоогоор/ 63 хувь нь эрхэлсэн ажил, албан тушаалаар нь дайрч доромжилсон байх бол 22 хувь нь үндэс угсаагаар нь, 13 хувь нь бэлгийн чиг баримжаагаар нь, 11 хувь нь боловсролоор нь, 10 хувь нь хөрөнгө чинээгээр нь гүтгэн доромжилсон байх юм. Хүн хэлж, хүүхэд дуулахгүй байгаасай гэмээр *изда, *аа, *нхан зэрэг үгнүүдийг бичсэн болгондоо хавчуулжээ.

Уг нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг дагаад фэйсбүүкийг зөв зохистой ашиглах нь буруу биш. Дэлхий даяар 80 гаруй сая жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд фейсбүүкийг идэвхтэйгээр ашиглаж, нийтдээ 1.6 тэрбум хүн жижиглэнгийн худалдаагаар ашиглаж байхад бидний хэрэглээ бусдыг дайрч доромжлох төдийхнөөр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай.

Тэгэхээр өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх цаг хэдийнэ болжээ. Ядаж л олон нийтийн сүлжээнд хараал доромжлол, ялгаварлан гадуурхал, хүчирхийлэлд турхирсан пост оруулахгүй байя. Гудамж талбайд хог хаяхгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хажуугаар зөрөх хэн нэгэнд найрсаг инээмсэглэл бэлэглэж байя. Үүнд хөрш нь хөршийгөө, найз нь найзыгаа, монгол нь монголоо уриалцгаая. Тэгж гэмээнэ бид “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм”-ийг жинхэнэ утгаараа бүтээж чадах билээ.

М.Хангал

www.zindaa.mn