Монгол эрчүүд “Улаан ном”-нд орох нь

Хээгүй, гүндүүгүй, гүдэс монгол эрчүүд маань “Улаан ном”-нд орох нь ээ. Аян дайн өрнүүлж, дэлхийн талыг эзэлж явсан гэгдэх монгол эрчүүдийн маань биеийн ерөнхий байдал улам дордож, уух дуртай шар айрагныхаа торх шиг хэлбэртэй болжээ.

ДЭМБ, Лондоны хатан хааны коллеж, NCD Alliance байгууллагуудын  хамтран явуулсан

судалгаагаар хавдар, уушгины өвчлөл, чихрийн шижин, зүрхний өвчнөөс болж 70 наснаасаа өмнө өөд болох магадлалтай эрчүүдийн жагсаалтыг монгол эрчүүд тэргүүлсэн байх юм. Фижи, Казахстан, Туркменистан, Орос зэрэг улстай сүүл мушгиж яваа монгол эрчүүдийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол өнөөх бидний устаж үгүй болохын ирмэгт дээр ирлээ хэмээн сандардаг мазаалай баавгайгаас ч дор ирээдүй эрчүүдийг маань хүлээж мэдэх нь ээ.

Чихрийн шижин, зүрхний өвчлөл ихэвчлэн буруу хооллолт, илүүдэл жин, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг. Тэгвэл манай 30-39 насны эрчүүдийн дунд таргалалт, илүүдэл жинтэй нь 59.2%, 40-49 насанд 63.9%-тай байна. Түүнчлэн буруу хооллолт, таргалалт, архидалтаас болж залуус 30 ч хүрэлгүй тулай, чихрийн шижин хэмээх эдгэрдэггүй, салдаггүй зовлонтой өвчнөөр өвчлөх болжээ. Таргалалт нь мөн эр бэлгийн дааврын ялгаралтыг бууруулж, тэр хэрээр чалх, чадал нь буурч байна.

Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас гадна стресс, нийгмийн дарамт, түүнээс үүдэлтэй архидалт, тамхидалт ч энэ бүгдэд нөлөөтэй.

Гэхдээ хамгийн том асуудал бол аль өөх тос шингэсэн бүгдийг иддэг, хатуу юм хүртэх дуртай, спорт гэхээсээ илүү спиртэнд шунасан, тавхан алхмын газарт алхаад хүрчих зориггүй, байнгын машин унаа унасан байдал нь ийнхүү дэлхийн олон орны эрчүүдийн адагт ороход нөлөөлж байгаа юм.

Энэ бүгдээс болж үүсдэг зүрхний өвчлөл, чихрийн шижин зэрэг архаг, халдварт бус өвчлөл (NCD-Chronic or Noncommunicable Diseases) жил бүр дэлхийн 41 сая хүний амийг авдаг нь хүмүүсийн нийт үхлийн 71 орчим хувь болдог ажээ. NCD өвчлөл дотроо зүрх судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин дөрөв давамгайлж, 80 орчим хувийг эзэлдэг байна.

Эх сурвалж: Erennews.mn