Чингис хаан хэмээн хэдий болтол цээжээ дэлдэж амьдрах вэ?

Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ хэмээн ярьдаг. Энэ үгийн биелэл болж, монголчууд их эзэн Чингис хааныхаа нэрийг олон ч зууны турш худалдан идэж байна. Цаашид ч хэдэн зуун, мянганы турш ашиглах биз ээ. Чингис хаан бол бидний хувьд улс төр, соёл, зах зээл, аялал жуулчлалын асар том нөөц баялаг яалт ч үгүй мөн. Гэхдээ бид хэдий болтол энэ хүний нэрийг барьж, цээжээ дэлдэн амьдрах вэ?

800 зууны өмнөх энэ хүний нэрийг зөвхөн монголчууд гэлтгүй Орос, Хятадад амьдардаг монгол угсаатан, мөн казахууд ч ашигласаар байна. Казахууд Чингис хааныг монгол бус, түрэг хэлтэн үндэстэн байсан хэмээн маргаж, элдэв нотолгоо баримт гаргаж ирэхийг оролддог билээ.

Тэгвэл энэ хүнийг казах хэмээн маргалдахаа байж, урагш ирээдүйгээ харж амьдар хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн жил мэдэгджээ.

Тэрбээр Алмата дахь Үндэсний шинжлэх ухааны академийн бүгд хуралдааны үеэр түүхэн хүмүүсийн угсаатай холбоотой маргаанаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Назарбаев Казахстаны эрдэмтдийг урагш ахих хэрэгтэй хэмээгээд “Томирис, Чингис хаан нарыг казахууд хэмээхээр миний зэвүү хүрдэг. Бидэнд үүнээс өөр хэлэх зүйл алга уу. Бид урагш ахих уу, арагш харах уу. Урагш харах цаг хэдийнэ болжээ. Нэгэн удаа Тони Блэр парламентынхаа хурал дээр “Их Британи агуу түүхтэй улс. Гэхдээ бид музейд амьдраад байж болохгүй. Хүмүүсээ компьютерийн ард суулгах цаг болсон” гэж байсан. Түүн шиг бид энэ талаар бодох ёстой. Та бүхний үг үнэ цэнтэй. Өнөөдөр казахууд ирээдүйд ямар байх ёстой вэ гэсэн асуулт гарч ирж байна. Бидний ахмад үеийнхэн тусгаар тогтнолоо олж, Агуу их талд хүчирхэг улсаа байгуулсан” хэмээжээ.

Түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч улс орондоо өмнөх үеийнхний ололт амжилтад тулгуурласан оюунлаг үеийнхнийг өсгөх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.

“Өнөөдөр ийм л хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй. Тэд хүссэн газартаа ажиллаж чадах дэвшилтэт шинжлэх ухаан, технологийг эзэмшсэн, дэлхийн түвшний мэргэжилтнүүд байх ёстой. Ингэхийн тулд төрөлх хэлнээсээ гадна англи хэл эзэмших ёстой. Тэгсэн цагт казахууд дэлхий дахинд өрсөлдөхүйц байж чадна” хэмээн Нурсултан Назарбаев хэлсэн байна.

Айлын төрийн тэргүүн ийнхүү түүхээ малтаж, түүгээрээ цээжээ дэлдэх бус, ирээдүйд дэлхий дахинд үнэлэгдсэн үндэстэн болж амьдрахыг ийнхүү санууллаа. Харин бид хэдий болтол Чингис хаан хэмээн цээжээ дэлдэж, өнгөрсөн үеийнхээ түүхтэй зууралдаж амьдрах вэ. Бид ч бас тэднээс дутуугүй хөгжиж байж, ирээдүйд нэг хүний нэрийг бус, нэлээд хэдэн хүний нэрээр аж төрөх хэрэгтэй бус уу?

Эх сурвалж: erennews.mn