Залуу малчин гэр бүлийн амьдралд төрөөс анхааръя

Даваагийнх гурван хүүхэдтэй хөдөөгийн нэгэн залуу гэр бүл. Энэ намар бага охин нь сургуульд орсон тул эднийх хоёр хуваагдан амьдрахаас өөр аргагүй болжээ. Яагаад гэвэл зургаахан настай жаахан охин нь төвд дотуур байранд амьдарч чадахгүй, ээж аавыгаа санаад хэцүүднэ.

Ингээд салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа даа гэгчээр эхнэр Чимгээ нь гурван хүүхдээ аваад “төвлөнө”. Ээжийн хувьд хөхнөөс гараагүй нялхыгаа аавд нь үлдээгээд явах хэцүү тул 1-3 дугаар ангийн хоёр хүүхдээсээ гадна багыгаа мөн аваад төвд бага гэрээ бариад суурьших гэж байгаа нь энэ.

Харин Даваа хэдэн малаа хараад л цор ганцаараа торойгоод хоцорно. Ингэхээс ч өөр аргагүй. Таван малаа зараад төвд гэр бүлийнхэнтэйгээ амьдарна гэвэл очоод хийх ажил байхгүй, өлмөн зэлмүүн амьдрах тул энэ айлын амьдралыг бодоод яах аргагүй ганцаараа малаа маллаад үлдэж байгаа юм.

Намрын сэрүү орж, эхний цас хялмаалахад л хөөрхий ганц бие эр малаа туугаад л оройдоо хөндий хоосон, хүйтэн гэртээ харина. Ирэхэд нь халуун цай хоол ч үгүй, зэвий даасан гэр л угтана гэж бодохоос халширна.

Энэ бол хөдөөгийн залуу гэр бүлүүдийн нийтлэг төрх. Малчдын хувьд хүүхдүүдээ сургуульд суулгана гэдэг үнэхээр хүнд даваа. Ялангуяа бага ангийн сурагчидтай айлуудын хувьд намраас зун хүртэл хоёр салж амьдарахаас өөр аргагүй болдог.

Үүнээс болж залуу хосуудын харилцаанд сэв суух, хардалт салалт нэмэгдэх эрсдэл ч үүсдэг байна. Мөн өрхийн ганц хүн мал маллаж, эхнэр нь ажилгүй сууснаар өрхийн орлого муудах ч магадлал нэмэгддэг. Бага насны хүүхэдтэй малчин гэр бүлүүдийн хувьд амьдралын энэ үе хамгийн том шалгуур нь болдог аж.

Тиймээс зургаахан настай бяцхан сурагчдыг дотуур байранд авахын тулд тав тухтай, орон гэрээс нь өөрцгүй, олон улсын түвшинд нийцэхүйц дотуур байр бий болгох шаардлагатай юм. Мөн хоол унд сайтай, хичээлээс гадуурх чөлөөт сургалт сайн явуулдаг байж хүүхдүүдийг гэр орноо санахгүй байлгах бүхий л бололцоог нь бүрдүүлсэн цагт эцэг эх нь хоёр хуваагдан амьдрахгүй, үр хүүхдүүддээ санаа зовохгүй малаа өсгөн үржүүлж, амьдралаа өөд нь татах бололцоотой болно.

Эх сурвалж: Erennews.mn