Утаатай тэмцсэн урагшгүй хэдэн жил

Наадмын дараа намар гэгчээр хүйтний ам наашилж байна. Намрын налгар өдрүүд үргэлжлэх хэдий ч өглөө оройдоо сэрүү татах болсон нь иргэдэд гэрээ дулаацуулах, гал түлэх сэдлийг хэдийнээ өгөөд амжжээ. Жил бүрийн энэ үед хүн бүхний хөнддөг сэдвийг миний бие мөн адил хөндөх гэж байна. Энэ бол угаар татуулсан Улаанбаатар.

Дөрвөн уулын голд хөшилдөн орших Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх хотуудын нэг болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний утаа тортгонд агуулагддаг хүний бие организмд туйлын хортой хар тугалга, хүнцэл гэх мэтийн элементүүд хөрсөнд шингэж, улмаар гол усыг их хэмжээгээр бохирдуулдаг. Цаашлаад aгаарын бохирдол нь хөрс, усны бохирдол болон хувирч, хүний эрүүл мэндэд онц аюултай үр дагаврыг авчирдаг гэдгийг мэдээд даруй 10 гаруй жил боллоо. Өнгөрсөн хугацаанд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, Цэвэр агаар сан, Цэвэр агаар төсөл зэрэг хэд, хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулсан.

Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилын сан, Японы ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага ч Улаанбаатарын утааг бууруулахад гар бие оролцсон. Үүнээс АНУ-ын “Мянганы сорилын сан” агаарын бохирдолтой тэмцэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо бий. Ингэхдээ хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, утаагүй зуух нийлүүлэхэд 68, гэрийн дулаалгад 12, эрчим хүчний хөнгөлөлтөд 3.5, дулааны цахилгаан станц сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан дүнтэй. Уг нь Улаанбаатар хотын утаатай тэмцэхэд улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хүрээнд багагүй хөрөнгө зарцуулсан. Гэвч утаатай тэмцэх хөрөнгө нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах атал эсрэгээрээ нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байгаа юм.

Магадгүй дээрх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд гэр хорооллын зарим айл өрх утаагүй зуух, эсгий дулаалгатай болсон бол Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэмжих хэдэн хянах самбартай үлдлээ. Энэ мэтээр жил бүр утааг арилгах нэрийдлээр их хэмжээний мөнгө төсөвлөдөг хэдий ч ямар ч үр ашиггүй утаагүй зуух, түлш хоёрт зарцуулагдан хэн нэгэн эрх мэдэлтний хармаанд ордог нь нууц биш юм. Ийм аргаар төлөвлөгөө боловруулж, төрөөс төрсөн тэрбумтнууд ундлах ус, идэх хоолоо гадаадаас зөөгөөд байж чадах ч, амьсгалах агаараа савлаад явж чадахгүй шүү. Олон нийттэйгээ хамт Улаанбаатрын хорт агаараар амьсгалаад суух нь гарцаагүй.

 

Эх сурвалж: Erennews.mn