Хүнсний бүтээгдэхүүнийг автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээр хүргэж эхэлжээ

2018-08-17

Зураг

САН ФРАНЦИСКО. /Синьхуа/. Калифорни муж улсад шинээр байгуулагдсан автомат жолоодлого бүхий тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Нюро” компани АНУ-ын үндэсний томоохон сүлжээ дэлгүүр болох “Крогер” компанитай хамтран пүрэв гарагаас эхлэн Аризона муж улсад автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн хүргэж эхэлсэн байна.

“Манай компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс эхлэн Крогер компанийн Скоттсдейл хот дахь дэлгүүрийн захиалгын хүнсийг хүргэж эхэллээ” гэж “Нюро” компани “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Хэрэглэгчид цахим хуудас болон гар утасны хавсралт ашиглан захиалгаа өгөх ба түүнийгээ тухайн өдөртөө юм уу дараагийн өдөр нь хүргүүлэн авах боломжтой болж байгаа аж.

“Бид Аризона муж улсын нийслэл Финиксийн Скоттсдейл хотын “Fry’s” дэлгүүртээ автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэндээ баяртай байна” гэж Крогер компанийн төлөөлөгч Яэль Коссет мэдэгдсэн байна.

Дээрх хоёр компани нь энэ зуны эхээр хүнсний хүргэлт хийх роботыг туршиж эхэлсэн юм байна. “Аризона муж улс нь шинэ үеийн автомат жолоодлого бүхий тээврийн хэрэгслийг турших таатай нутаг юм” гэж Нюро компанийг үүсгэн байгуулагч Дэйв Фергюсон мэдэгджээ.

Эх сурвалж: montsame.mn