ӨЛӨН ЗЭЛМҮҮРХЭН НЭГЭНД ӨЛ ЗАЛГАХЫН БУЯН

0
1

Пэрэнлэйн НЯМЛХАГВА

Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч 

 

Тал нутгийн өвлийн шөнө цасан далай дундаа ажин түжин дуниагаад нам гүм. Жавар гүлгэрсэн харангуй тэнгэрт одод хүртэл гялан цалан оргиод цаанаа жихүүн. Сарны туяа цасанд ойж саруулссан тийм сайхан шөнө эмээ минь лаа, дэнгийн гэрэл сүүтэлзүүлэн хэдэн бор ачдаа үлгэр домог их ярьдагсан. Өдгөө эргэн бодохнээ нь эмээгийн маань ярьсан үлгэр домог бүхэн санан сэрэх сэтгэлийн минь гүнд хэзээ ч мартагдахгүйгээр бат нот хадагдан үлджээ. Цовоо цолгиун балчир насны минь оюуны савд шид шидээвэр хийгээд сурган суяхын гайхамшиг болсон  үлгэр домгийн “гэрэлт цоморлиг”-ийг шингээж өгсөн эмээгий маань ур ухаан цаглашгүй ээ. Цэцэн билэгт ардынхаа рашааны шим болсон оюуны их өвөөс билэг билгүүний хумханд минь дүүргэж өгсөн эмээгийн үлгэр домгийн цоморлиг дундаас нэгэн гайхамшигт домог эргэн санахын холоос гэрэлтэн тодрох авай.

Тэр бол бэлтрэгээ суйлуулах, агнуулах зэргээр олон удаагийн үрийн хагацал үзсэн өлөгчин чоно нялх хүүхдийг хулгайлж тэжээсэн тухай өр өмрөм домог. “Өлөгчин чонын хайрлан тэжээсэн хүүхдийг Шаалуу хүү гэнэ” гэж өгүүлэх тэр домгийг би яагаад дахин санав. Тийм ээ энэ домгийг санааны чинадаасаа уудлан гаргаж ирсний гол учир “Өлөгчин” хэмээх үгийн утганд байгаа юм. Өлөгчин… энэ үгийг би нэг их сайхан үг гэж бодож явсангүй. Мөн мөр мөрөөр нь гишгүүлэн үндэс язгуурых нь утга учрыг ч мөшгөж байсангүй. Яагаад ч юм “Муу өлөгчин”, “Өлөгчин жингэр”, “Муу өлөгчин гичий” гэж муу муухайгийн жишээн дээр өгүүлцгээх олны аясыг дагаж тэдний санааг зөвшиснийх биз. Хэрэв зэ “Өлөгчин, хүнээс илүү ч юмгүй, гажуу ч юмгүй…, …Омгийн бүх эрчүүд түүнд тачаадаж билээ” гэж эхэлдэг “Өлөгчин” нэрт өгүүллэгийг уншаагүй байсан бол би өдий болтол үгийн утганд мунхарч “ өлөгчин” гэдэг үгийг муухай, муу утгатай л гэж бодсоор явах байсан биз.

“Хүний санах нь хойно оо” гэж үнэн юм даа. Тийн балчир ахуйд сургамжит домгийн гайхамшигт үгийн сувдыг хэлхэн хүзүү хоолойд минь зүүж өгөх үестээ эмээ “Хүний хүүхэд тэжээсэн өлөгчин чонын домог байхаас, чонын бэлтрэг хөхүүлсэн эх хүний тухай домог байдаггүй юм даа” гэж өгүүлж байсныг үе улирсан олон оны хойно дурсамж дуртгалынхаа хөшиг манан дундаас тодруулан гэрэлтүүлж ирээд дахин санахын чинээ бодож ч явсангүй дээ.

Нэг зүйлийн учгаас атгавал нэхэл хатуу зангийнхаа цулбуур шижмээс зүүгдэж “Хүн хийгээд чоно, чоно чонодоо өлөгчин чонын” тухай бодлоо. Бодоод байхад “Өлөгчин” гэдэг үг тийм ч муу муухай утгатай биш ажээ. Уг утга, язгуур гарвалыг нь байцаан шийтгэвэл “Өлийг өгөгч” гэдэг утга байхаа ядахгүй. Алив нэгнээр өлөн зэлмүүр яваа нэгэнд өл өгч тэтгэдэг учир “өлөгчин” гээ биз. Үрийн хагацалдаа энэлэн гансарч хүний хүүхдийг хулуулаад өлдөж умдаасахаар нь хөхөөн хөхүүлж өлийг залган тэжээхийн нэгэн их өглөг хийгээд жаварт цанхиртах их хөвчөөр хөндлөн гулд хэрэн, орооны үеийн тачаалдаа энэлэж оёг соёгоор өлдсөн азарган чононуудад бие бэлгээн өгөхийн бас нэгэн өглөг гээд аваа өгөөтэй орчлонгийн дэнсэн дээр авснаасаа өгсөн нь илуу болохоор “өлөгчин” тийм ч муухай утгатай биш ажээ. Үг бүхэн далдын нэгэн увдис шидийг өөрийн эргэн тойрондоо цацруулж байдаг. Ийн сэтгэвээс “өлөгчин” гэдэг үгийн тойронд өглөг буяны дээдээс гадна хайр энэрэл, өр нимгэний зөөлөн цагаан гэгээ тунална.

Чухам яагаад ингэж сэтгэхэд хүрэв. Мөнөөх л “Өлөгчин” гэдэг өгүүллэгийн үг үсэг, утга начир бүхэн нууцлаг нэгэн шижмээрээ сэтгэл зүрхэнд нэвтэрсний учир тэр. “Нууцын орноо хагас дутуу хаасан бүдүүн хадуун зэрлэг эрс эцэнхий жаахан Өлөгчингийн юунд нь тэгтлээ унаж тусдаг байна вэ? Өөрсдийн эхнэрүүд гэж чийрэг бадриун, идэр есийн хүйтэнд дагжиж үзээгүй өөх харвин зузаан, мунаар цохивч нэг удаа тэсэхээр муухан эрсээс ч хавьгүй илүү эмс билээ. Тэгэвч хөгшин залуу гэлтгүй бүгд Өлөгчинд татагдаж түүнийг тойрсон нэгэн хүрээ үүсгэдэг байв. Юунаас болж тэр вэ? гэж эр эмгүй толгой гашилган боддог байлаа” өгүүллэг цаашаа ийн үргэлжлэнэ. Ухамсарт сэтгэхүй ноёлоогүй асан урьд балрын зэрлэг хүн сүрэгт алан идэх хийгээд алиалан тачаадахаас өөр зорилго чиглэл бараг байгаагүй мэт. Гэхдээ бас өөр өөртөө нэг нэг эмийг өмчлөх төдий байлгадаг байсан цаг аж. Энэ л цаг үед омгийн эрсэд яг тийм гээд хэлчихийн аргагүй ужид цэнгэлийг эдлүүлж, тэдний боддогоор жаргал гээчийн далайд умбуулсан учраас бас тачаал шуналын жаргалаар өлдөгч зэрлэг эрст тачаадан мансуурахын жаргалыг өгөгч байсныхаа хувьд тэр омог дотроо “Өлөгчин” гэдэг нэрийг олжээ.

Өгүүллэг цаашаа “Олноос зүсэлж өмчилсөн өнөө “хар” юм нь сав л хийвэл Өлөгчинд сэртэндэж, маасганаж саасганаад байхаар чинь ямар ч эм амьтан сэтгэл амар байж дөнгөх үү дээ. Үгүй, яавч зүгээр сууж чадахгүй. Өмчирхөх зөн гэдэг зүрх сэтгэл бий болохоос ч өмнөх эд юм” гэж хөвөрнө Зэрлэг омгийнхны адгууслаг сэрэхүй дэх өмчирхөх зөнгийн энэ нэг улбаа шижмийг хөөвөл “Психоанализмын эцэг” гэгдэх Австрийн эмч, сэтгэгч Зигмунд Фрейдын “Хуял тачаалын онолын гурван тэмдэглэл” бүтээлд гарах “ … хүмүүс эцэс төгсгөлгүй зөрчилд оршиж байдаг бөгөөд зөрчлийн уг үндэс нь бэлгийн болон түрэмгийллийн хүсэл хөөрөл байдаг” гэж үзсэн үзэл буюу мөнөөхөн “Либидо” /бэлгийн зөн билэг/ гэх нэр томъёонд тулж очино.

Энэ бол өгүүллэгийн өгүүлэмж дэх адгууслаг зөн талаас нь хөндсөн нэгэн тал. Аа харин оюунлиг хийгээд нэн оюунлиг талаас нь буюу билэг билгүүний чинад дах нэгэн нууц руу нь бяцхан өнгийвөл энэхүү “Өлөгчин” гэх өгүүллэгээс сэтгэлийг уруу татсан увдислаг гэрэл сацрах шиг болох юм. Өгүүллэгт ийн өгүүлнэ. “Өлөгчин… …Туранхай мөртэй, эцэнхий жаахан билээ. Харин нүд нь гэрэл цацруулсан ногоон юм. Ногоон гэхдээ оюу шиг цийлэн ногоон бас биш. Номин шиг цэв цэнхэр ч бас биш юм. Номин оюу хоёрын ууссан завсрын цэнхэр туяатай гэрэлт ногоон нүд билээ. Энэ  нүднээс л хамаг хэрэг үүдсэн юм”  бодолдоо, яг ийм усгал зөөлний туйл болсон тунаран талимаатах гэрэлт ногоон нүдний албин харцанд автлаа гээд. Яг юунаас нь болоод байгааг хэлж мэдэхгүй ч гэлээ аяглан намжирдахынх нь аясаар намиран намиатах нь гарцаагүй.

Ер хүмүүн гэгч амьтны гол нууц нь нүдэндээ байдгийг Монголчууд эртнээсээ аман болон бичгийн билэг цэцдээ нотлон өгүүлсээр иржээ. “Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой” гэх буюу “Хүн гээч амьтны улаан нүүр, нүд рүү нь л харж болохгүй юм. Тэрнээс биш шүдлэн байдасны бяргүй л харагдах юм даа” гэж чоно хэлсэн юм гэнэ лээ гэх. “Бас нүд бол хүний сэтгэлийн толь” гэх. Монголчуудын энэ санаа савнаас ургуулаад гадаадын эрдэмтэд ч бас сонин содон таамаг, онолыг дэвшүүлсэн байдаг. Тэдний нэг бол “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” цуврал бүтээлээрээ онц сонирхолтой таамаг дэвшүүлж хүн төрөлхтөнийг гайхшруулсан Оросын эрдэмтэн, нүдний эмч Эрнст Мулдашев юм. Тэрээр сэтгэл сэтгэлгээ гэдэг бол тархинаас ангид бөгөөд нүд, нүднээс гарах гэрлийн нөлөөллөөс болдог гэсэн үзэл таамгийг дэвшүүлсэн байна. Мөн бурханы шашны дотоодын тогтсон таалалтан болох “ сэм зэн ба” буюу “сэтгэл төдийтөн”-үүдийн онолоор бол хүний бодол санаа, оюун ухамсар тархиныхаа гадна талд байдаг гэсэн үзэл бий. Тэрхүү бодол санааны сайн муугаас шалтгаалаад сайн муу гэрлийн туяарал гардаг. Үүнийг бурханы хөрөг зургуудад ч дүрсэлсэн нь бий.  Махгал, Дэмчиг, Миеэгомбо зэрэг их догшин бурхадын тэрхүү гэрэл туяарлыг бүр улаан гал бадарч буйгаар дүрсэлсэн байдаг бол Ногоон дарь эх, Цагаан дарь эх зэрэг нигүүлсэнгүй бурхадынх зөөлөн шаргал өнгөтэй байх жишээтэй.

Хүмүүн хэмээгч дээдийн төрөлтний машид нууцлаг шид увдисын мөн чанарт нэвтэрхийн тулд эрдэмтэн мэргэд эртнээсээ эдүүгээ хүртэл оюунаа чилээн хорхойслоо билүүдсээр суух амой. Ном эрдэм, мэдлэг оюуны оройн чандмань болсон зарим хутагт хувилгаад тэрхүү нууцад нэвтэрч чадаад илт туулан цаана нь гарсан нь ч байна. Билэг билгүүн хийгээд бие сэтгэлийн үнэн мөн чанарыг гагц нүд хийгээд мэлмий илтгэнэ гэдэг санааг монгол мэргэд олноор өгүүлсэн төдийгүй ардын билэг цэцэд ч бас бусаар дурдагдсан байх юм. Монголчууд одоо ч гэсэн сайхан харц, сайхан нүдний их туяарал, гэрэлтэнгүй сацрангуй сайхных нь тухай ярилцсаар байх аж.

Өлөгчин тийм л нүдтэй, тэр тунарсан харцнаас цацрах ийм гэж хэлэхийн аргагүй нэгэн нууцлаг албин шидтэй. Хэдийвээр оюуны хөгжил дорой зэрлэг омог ч гэлээ, омгийн эмс Өлөгчингийн эрс бүхнийг өөртөө татах нууц шид нь нүдэндээ байгааг олж мэдсэн байна. Өгүүллэгт “Эхнэрүүдийн зэрлэг инээд учиргүй чанга хашгираанд модны мөчир дагжин, шарласан шилмүүс нүдний сормос шиг ганц нэгээрээ сугаран унаж байлаа.

  • Нүд…!
  • Юун нүд… солиоров уу чи!
  • Энүүний хоёр нүдэнд байна…
  • Энүүний хоёр нүд яачаав?
  • Харахгүй юу чи. Шулмын нүд шиг… гэрэл ассан ногоон нүд. Энэ

хоёр нүднээс болж бид амар заяа үзэхгүй байгаа юм байна” гэж өгүүлснээс үзвэл Өлөгчингийн нүд, харцанд омгийн бүх эрсийн сэтгэл зүрхийг татаад байгаа далдын нэгэн соронзон буйг зэрлэг омгийн эмс нээжээ. Энэ бол зохиолын гол зангилаа. Үүнээс гадна зохиогч “шарласан шилмүүс”-ний навчийг “нүдний сормос”-той зүйрлсэн нь зүгээр ч нэг хэрэг бас биш байна. Дараагаар цааш аванхайлан үргэлжлэх үг өгүүлэмжинд “Эрс хэн ч хамаандлаагүй байхад нэгэн дуугаар  “Өлөгчин” хаа байна гэлцэв. Эхнэрүүд бас хэн нь ч хамаандалж дохиогүй байхад нэгэн дуугаар “Өлөгчин” та нарын араас тэнээд алга болсоон гэв” гэж гарч буй нь дайсагнах садагнах түмэн үйлийн сүлжээтэй энэхэн ертөнцийн “зайлашгүйн жам”-аас гажуулахгүйн тулд барьсан зохиолчийн гол шугам.

Зохиолчийн гол шугаман дээр зохиолын гол зангилаагаа давхарлан буулгасан, мөн чанарт хийгээд мөн чанарт бус юмс үзэгдэлийн ил далд санааг нэгэн бодлын салаалуулж, салаалуулснаа бас нэгэн бодлын эгүүлэн томсон ур хийц нэн чамбай, утга гүн дэлгэрэнгүй энэ бэсрэгхэн өгүүллэгийг Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт зохиолч, найрагч Бидэрийн Баярсайхан туурвижээ.

Сайхан байна. Сайн бүтээл, сайхан бүтээлийг уншихад өлөн зэлмүүрхэн явахад өл хоол таарах мэт сэтгэлээр цадах ажээ. Монголын их утга зохиолын ноён сүмбэр оргилууд хүүрнэл зохиолын их өв санд өөр өөрийн давтагдашгүй шижиртэх нандин өвийг үлдээсэн. Өдгөө ч сэрүүн тунгалагаар сэтгэлгээний тагт өндөрт байгаа ихэс минь бичсээр туурвисаар байна. Гэхдээ энэ их өв соёл, шид шидээврийг оршоосон шилдэг бүтээл туурвигчдын мөр хойчийг тэгшлэн гарч ирж буй залуусын маань дундаас ухасхийн шүүрч аваад ундаассан сэтгэлийн горыг дэвтээчихээр бүтээл гарахгүй байгаа нь үнэн л юм.

Тиймээс энэ цагийн хүүрнэл зохиол тэр дундаа богино өгүүллэгийн төрөл нэг л өлөн зэлмүүрхэн л яваад байх шиг санагдах юм. Ийм өлөн зэлмүүрхэн яваад байгаа утга зохиолын нэгэн төрөлд өл залгасан сайхан бүтээлийг уншив.

Тийм ээ, “Өлөгчин” гэдэг бол “Өлийг өгөгч” гэсэн үг. Өлөн зэлмүүрхэн нэгэндээ өл залгахын буян шиг их буян гэж хаанаас байхав дээ.

Номын цагаан буян энэ мэт үл тасалдан цаглашгүй ихээр оршсоор байх болтугай.