Агаараас ус гаргадаг тор

2018-06-04

Дэлхийн олон улсад салхины урсгалын эсрэг тор байрлуулж, олон зуун хүнийг ундаалдаг байна.

Сахарын цөл, Египет зэрэг дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудад 1980 оноос эхлэн тор ашиглаж агаар болон манангаас ундны ус гаргаж авах аргыг өргөн хэрэглэх болсон. Тус торыг ‘манан хураагч’ гэж нэрлэдэг ба салхины урсгалын эсрэг байрлуулж бага хэмжээний ус хуримтлагдсаар ундны ус гардаг байна.

Энэхүү технологи хувьсан шинэчлэгдсээр өнөөдөр илүү хямд өртгөөр их хэмжээний усыг гарган авч болдог болжээ. Түүнчлэн тор нь ч бат бөх удаан эдэлгээтэй болсон байна.

Америкийн Виржини мужийн технологийн их сургуулийн судлаачид манан хураагч торны өөр нэгэн хувилбарыг зохиожээ. Уламжлалт тор нь хэвтээ чиглэлтэй бол шинэ нь босоо хэлбэртэй бөгөөд гурав дахин их усыг хурааж авах чадвартай гэнэ. Судлаачид уг тороо ‘босоо ятга’ гэж нэрлэсэн байна.

Уламжлалт тор нь хэвтээ чиглэлтэй учир манангаас үүссэн усны дуслуудын дийлэнх нь торны нүхэнд үлддэг сул талтай ба ингэснээр тор хүндэрч салхи нэвтрэхээ больдог болохыг судлаачид тогтоожээ. Улмаар салхи торны дундуур бус тойрч салхилж, усны гарц багасдаг, иймд босоо чиглэлтэй тор илүү өндөр үр дүнтэй хэмээн тэд үзсэн байна.

Виржини мужийн технологийн их сургуулийн судлаачид ‘босоо ятга’ торныхоо санааг Улаан мод зэрэг байгалийн олон ургамлаас санаа авч хийсэн гэнэ.

Уламжлалт манан хураагч торыг Африк, Өмнөд Америк, Ази, Ойрх Дорнод зэрэг дэлхийн өнцөг булан бүрт ашигладаг бөгөөд тэдгээрийн хамгийн том манангаас ус хуримтлуулах төсөл Moрокко улсад хэрэгждэг байна. Тус улсад 600 метр квадрат газрыг эзэлсэн тор байрлуулж, цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн ган гачигт нэрвэгдсэн олон зуун хүнийг ундаалдаг аж.

Эх сурвалж: udriintoim.mn