ЭЕШ-ын материалыг цагийн дотор шалгадаг технологи нэвтэрлээ

2018-03-06

Нэг цагийн дотор 40 мянган хүүхдийн ЭЕШ-ын материалыг засаж, дүнг танилцуулах бололцоотой болжээ.

ЭЕШын материалыг засаж хариуг зарлахад 14 хоногийн хугацаа шаардагддаг байсан. Үүнээс болж материал задарсан, буруу зассан гэх мэт хардалт нийгэмд маш ихээр үүсч маргаан дэгддэг. Тэгвэл энэ жилээс эхлэн “Монгол инженерүүдийн бүтээсэн алдаа засах программыг ашиглан шалгалтын дүнг шуурхай мэдээлнэ” гэж БСШУСЯны сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат хэллээ.

Энэхүү технологийг өчигдөр тохиосон байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадын материалыг засахад туршиж үзжээ. Тус олимпиадад 200 орчим хүүхэд оролцсон ба дээрх програмын тусламжтайгаар материалыг ердөө дөрвөн минутад зассан байна. Энэ нь манай улсын хэмжээнд ЭЕШ өгдөг 40 мянган хүүхдийн материалыг нэг цагийн дотор засаж, танилцуулах боломжтойг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн салбар яам цаашдаа ЭЕШ, олимпиад зэрэг нийтийг хамарсан уралдаан тэмцээнүүдийг энэхүү шинэ технологийг ашиглан зохион байгуулах бодлогыг барина гэлээ.

Ямартай ч шинэ технологи нэвтэрч цагийн дотор ЭЕШын материалыг засдаг болсноор элдэв маргаан үгүй болж, шалгалтын хариу тэр дороо гардаг болох нь ээ.

Эх сурвалж: http://udriintoim.mn