Монгол Улс ирэх онд хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөнө

2018-01-31

Санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд  2019 онд хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй байгаа талаар Монгол Улсын их сургуулийн захирал Я.Төмөрбаатар хэллээ.

Өнгөрсөн онд МУИС-ийн багш, сурагчид, Кюүшюүгийн технологийн институтитэй хамтран анхны нано хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөж байсан бол ийн хоёр дахь буюу микро хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөөд байна. “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ын номын санд болж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь  хоёр дахь хиймэл дагуул болох микро хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх, улс оронд аль салбарт ямар үр ашигтай, зохион бүтээхэд үндэсний боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, санхүүгийн асуудлыг шийдэх талаар бодитой шийдлүүдийг тодорхойлоход оршиж байгаа талаар зохион байгуулагчид нь хэлж байна.

Хэлэлцүүлэгт МУИС, ШУА,  Астропарк, ОБЕГ, ЦУОШГ, УУХҮЯ, БОАЖЯ-ны төлөөлөл болон холбогдох чиглэлийн эрдэмтэд оролцож байна. Мөн Японы Хоккайдогийн их сургуулийн профессор Юкихиро Такахаши, Казуяа  Ёшида, дэд профессор Мамору Ишикава,  Ёшинори Икенака нар цахимаар болон өөрийн биеэр илтгэл хэлэлцүүлнэ.

Тэд илтгэлдээ өөрийн орны туршлага болон судалгааны үр дүн,  сансрын технологийн  хөгжил, хоёр орны хамтын ажиллагааны тухай танилцуулах юм. Эрдэмтэн, судлаачид сансрын технологийн хөгжил, судалгаанд  МУИС,  ШУА-ын оролцоо,  онцгой байдалд, цаг уур орчны шинжилгээ, уул уурхайн, хөдөө аж ахуйн салбарт, байгаль орчинд хиймэл дагуулын хэрэглээ, ач холбогдол ямар байхыг  тодорхойлон илтгэл хэлэлцүүлж байна.